Монголын Үндэсний геологийн алба, Канадын Байгалийн нөөцийн яамтай хамтран ажиллана

Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Э.Сарантогос, Канад Улсын Байгалийн нөөцийн яамны Туслах дэд сайд Риналдо Жианти нар Монгол, Канадын Геошинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг (2025.01.27) үзэглэв.

Санамж бичгийн хүрээнд өндөр технологи, хиймэл оюун ухаан ашиглан хайгуулын загвар боловсруулах, эрчим хүчний шилжилт хийх, нүүрсхүчлийн хийг багасгах, мөн уур амьсгалын өөрчлөлт ба гео-гамшгийг даван туулах байдлын үнэлгээ, эрсдэлийг бууруулах зэрэг чиглэлээр хоёр тал хамтран судалгаа хийх, судлаач, мэргэжилтэн, мэргэшсэн ажилтнууд солилцох, сургалт, семинар хамтран зохион байгуулна.  

Элчин сайд Э.Сарантогос уул уурхай, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагаа Монгол, Канадын Иж бүрэн түншлэлийн харилцааны тэргүүлэх таван чиглэлийн нэг бөгөөд геологийн алба, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад энэхүү Харилцан ойлголцлын cанамж бичиг онцгой чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэжээ. 

Туслах дэд сайд Р.Жианти хоёр улсын геологийн байгууллагын хамтын ажиллагааны түүхэнд тэмдэглэх үйл явдал тохиож байна гээд Канадын Байгалийн нөөцийн яам, Геологийн алба цаашид уг баримт бичгийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.