"Рио Тинто" компани удирдлагын өөрчлөлт хийжээ. Зэсийн группын захирал Б.Болдыг Арилжаа, бизнес хөгжлийг хариуцсан захирлаар томилсон байна. Тэрбээр ажлаа есдүгээр сарын нэгнээс хүлээн авна. Арилжааны захирлаар ажиллаж байсан Alf Barrios тэтгэвэртээ сууж байгаа аж.
Б.Болд цаашид "Рио Тинто" группын бизнесийн хөгжил болон бүх борлуулалт, маркетинг, худалдан авалт, далайн тээвэр, ложистикийн үйл ажиллагааг хариуцахаар болж байна. Мөн тэрбээр төмрийн хүдрийн шинэ томоохон төсөл болох Симандоу төслийг үргэлжлүүлэн хариуцах юм.
"Рио Тинто"-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушхолм "Б.Болд нь манай арилжааны болон бизнесийн хөгжлийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, ирээдүйд сахилга баттай хөгжих илүү хүчирхэг "Рио Тинто"-г бий болгох стратегийг хэрэгжүүлэхэд туслах болно. Тэр түүхий эд, зах зээл, дэлхийн даяарх харилцааг хөгжүүлэх бизнесийн хөгжлийн гүнзгий мэдлэг, туршлагатай. Түүний манлайлал үнэ цэнэ, өсөлтийг бий болгоход бидэнд хэрхэн туслахыг би тэсэн ядан хүлээж байна." хэмээн онцолжээ.
Б.Болд нь 2013 онд "Рио Тинто"-гийн Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлснээс хойш 2016 оны 12 дугаар сард Energy&Minerals группын захирлаар дэвшиж, "Рио Тинто"-гийн Гүйцэтгэх хорооны гишүүн болж байсан юм. 2021 оны хоёрдугаар сард тэр Зэсийн группын захирлаар томилогдож байсан юм.