Аравдугаар сард Туркийн Эрчим хүчний сайд Алпарслан Байрактар тэргүүтэй төлөөлөгчид Хятадад айлчлахдаа чухал ашигт малтмалын чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэх аж. Турк нь БРИКС-т элсэх албан ёсны хүсэлт гаргасны дараа Хятад улстай чухал ашигт малтмалын салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах гэж байна. Тус улсын Ерөнхийлөгч Р.Эрдоган долоодугаар сарын эхээр Казахстанд БНХАУ-ын дарга Си Жинпинтэй уулзах үеэрээ хоёр улс металлын үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцжээ. Хятадын цахилгаан машины томоохон үйлдвэрлэгч BYD компани Туркэд үйлдвэр барих гэрээ байгуулаад буй аж.
Хоёр жилийн өмнө Туркийн Анатолийн төв хэсэгт орших Эскишехир хотын ойролцоо газрын ховор элементийн томоохон нөөц тогтоожээ. “Турк улсыг дэлхийн ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээнд томоохон тоглогч болгох уурхайг ашиглахаар ажиллаж байна” гэж тус улсын Аж үйлдвэр, технологийн сайд Фатих Качир мэдэгджээ.
Энэхүү орд нь газрын ховор элементийн 694 сая тонн нөөцийн хэмжээгээр дэлхийд хоёрт орохуйц гэдгийг Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд Фатих Донмез онцолсон. Газрын гадаргад маш ойр тул элементүүдийг олборлох зардал харьцангуй бага байх боломжтой гэж тус улсын мэргэжилтнүүд үзэж байна.
Газрын ховор гэгддэг 17 элементээс 10-ыг нь уг ордоос олборлохоор төсөөлж байгаа юм. Тухайн ордыг Хятад улстай хамтран ашиглахаар төлөвлөжээ.