Чили 2023 онд уул уурхайн хөрөнгө оруулалтыг дэмжих төлөвлөгөөг танилцуулав

Э.ОД

Чилийн Засгийн газар 2023 он хүртэлх хөрөнгө оруулалтыг дэмжих багц арга хэмжээг даваа гаригт эхлүүллээ. Эдийн засаг хүндэрсэн энэ үед дэлхийн хамгийн том зэс олборлогч улс нь татварын хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөжээ.

"Чилид хөрөнгө оруулаарай" хэмээх уг төлөвлөгөөнд улсын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах, татварын хөнгөлөлтөөр дамжуулан хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих аж. Тухайлбал, ногоон бизнесүүдэд зориулсан 500 сая ам.долларын татварын хөнгөлөлтийн сан, жижиг бизнесүүдийг дэмжин татварын хувь хэмжээг бууруулсан хугацааг сунгах механизм зэрэг багтжээ.

Зэсийн уурхайн шинэ төслүүдийг НӨАТ-өөс 5 жилийн хугацаанд чөлөөлнө. Европ, Хойд Америкт гадаадын хөрөнгө оруулалтын оффисуудыг дахин нээхийн зэрэгцээ барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхайн салбарт төр, хувийн хэвшлийн Ажлын хэсэг байгуулна.

Тус улсын Ерөнхийлөгч Габриэл Борик, Сангийн сайд Марио Марсел нар хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэлдээ, уг багц нь 2023 онд хөрөнгө оруулалтыг дор хаяж 5 хувиар нэмэгдүүлэх зорилттойг онцлон тэмдэглэжээ.