Зургийн эх сурвалж: Сангийн яам (2024.09.02)
Өнөөдөр (2024.09.12) Сангийн яаманд 2025 оны Төсвийн төслийн тухай мэдээлэл, хэлэлцүүлгийг сэтгүүлчдийн дунд хийлээ. Төсөлтэй холбоотой нэг асуудал нүүрсний экспортын тухай байв. Монгол Улсын нүүрсний экспортод нөлөөлөх БНХАУ-ын эдийн засагтай холбоотой мэдээллийг Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо танилцууллаа. Тус мэдээллээс тоймлон хүргэе.
БНХАУ-ын эдийн засгийн идэвхжил үйлдвэрлэл тал дээр явагдаж байна. Монгол Улсын нүүрсний экспортод шууд нөлөөлж болох нь гангийн үйлдвэрлэл байдаг. Гангийн үйлдвэрлэл, экспорт бараг 2016 оноос хойш хамгийн дээд хэмжээнд хүрсэн. Гангийн импортлогч гол улсуудад Зүүн Азийн улсууд ордог. Зарим улс, тухайлбал Европын Холбоо, АНУ дотоодын эдийн засгийг хамгаалах бодлогын хүрээнд арга хэмжээ авч байгаа. Гэхдээ эдгээр улс БНХАУ-ын гангийн экспортод эзлэх хувь бага. Том хувийг эзэлдэг, жишээлбэл Вьетнам зэрэг хөгжиж буй улсууд Хятадаас гангийн импортыг нэмэгдүүлж байна.
Зүүн Азийн төсвийг судлахад цар тахлын үеэр нийгмийн шинжтэй бодлого идэвхтэй байсан. Тэд өрөө нэмэгдүүлэхгүй бизнес, хүн амын орлогын дэмжихэд зарлага гаргасан. Харин 2024-2025 онд хөгжлийн бүтээн байгуулалт руу анхаарч байна. Хөгжлийн бүтээн байгуулалтад анхаарна гэдэг нь түүхий эд хэрэгтэй болно.
Харин Хятадын дотоодын идэвхжил сул, инфляц өсөхгүй байгааг олон улсын байгууллагууд хэлдэг. Худалдан авалт хийхгүй байна гэдэг ч үйлдвэрлэл талдаа өссөөр байна. 2024 оны эхний хагас жилд үйлдвэрлэл 0.4 хувиар буурсан ч технологи шингэсэн үйлдвэрлэл 1.6 хувиар өссөн. БНХАУ 2024-2029 онд хэрэгжүүлэх "Эдийн засгийн хөгжлийн шинэ загвар"-ыг танилцуулсан. Энэхүү загварт шинжлэх ухаан, техник технологид суурилсан эдийн засгийн загвар эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэж тусгасан. Энэ загварт хиймэл оюун ухаан, сансар судлал, дижитал, био анагаах ухаан гэсэн чиглэлтэй байна.
Эрсдэл үргэлж байдаг. Сангийн яамны зүгээс байнга эрсдэлийг ажиглаж байгаа. Төсөвт ямарваа нэгэн байдлаар яаж нөлөөлдгийг байнга тооцож байна. Өнөө маргаашгүй нүүрсний үнэ унаж, худалдаж авахгүй нөхцөл байдал үүсэхээргүй байна.
ЭЗХЯ 2025 онд нүүрсний дундаж үнийг 105 ам.доллар байхаар урьдчилж тооцсон. Энэ бол олон улсын байгууллагуудын дундаж үнэ. Хамгийн өндөр, хамгийн доод үнэ биш. Австралийн коксжих нүүрсний үнийн трендийг харж явдаг. Тэднийг харахад бага зэргийн бууралт байгаа. Огцом буурахгүй.
БНХАУ-ын эдийн засгийн төлөв 2025 онд 4.1-4.5 байхыг Дэлхийн банк, ОУВС, Блүүмберг зэрэг байгууллагууд гаргасан байна.
Тус мэдээлэл, хэлэлцүүлэгт Сангийн яамны удирдах албаныхан оролцсон юм.