Rio Tinto групп нь Хятадын төрийн өмчит China Baowu Steel групптэй хамтран Баруун Австралийн Пилбара мужид төмрийн хүдрийн төсөл боловсруулах талаар мэдэгджээ.
Талууд хэлцэл хийхийн өмнө Rio Tinto-ийн хувьцаа эзэмшигчид, Австралийн Засгийн газар, Хятадын Засгийн газар болон Баруун Австралийн Засгийн газраас зөвшөөрөгдөж, тодорхой нөхцөлүүдийг хангасан байх ёстой. Rio Tinto групп ирэх аравдугаар сарын 25-нд хуралдахаар төлөвлөж, “Western Range” төслийн дэлгэрэнгүй мэдээллийг зарлах, хурлаас гарсан мэдэгдлийг хувьцаа эзэмшигчдэд зарлах юм байна.
Зөвшөөрөгдсөн тохиолдолд “Western Range” төслийн бүтээн байгуулалтад 2 ам.долларын хөрөнгө оруулах ба 1.3 тэрбум ам.долларын хөрөнгийг Rio Tinto гаргана. Төслийн 54 хувийг Rio Tinto, 46 хувийг Baowu эзэмшиж, талууд хамтарсан компани байгуулна. Жилд 25 сая тонн төмрийн хүдэр олборлох хүчин чадалтай “Western Range” төслийн хүрээнд одоогийн ажиллаж буй Paraburdoo үйлдвэр хүртэл 18 км туузан дамжуурга байгуулахаар тооцжээ.
“Western Range”-ийн бүтээн байгуулалтыг 2023 онд эхлүүлж 2025 онд анхны үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Rio Tinto-гоос 2023, 2024 онд тус бүр 9-10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах зардлыг төлөвлөгөөнд тусгажээ. Уурхайг ашиглах зардлыг хоёр тал өөрт ногдох хувь хэмжээгээр төлнө.
Rio Tinto болон Baowu нь ойролцоогоор 13 жилийн хугацаанд нийт 126.5 сая тонн төмрийн хүдрийг зах зээлийн үнээр худалдах гэрээ байгуулахаар тохиролцсон байна.
Baowu-ийн тухайд, 2016 онд Baosteel болон Wuhan Iron and Steel нэгдснээр дэлхийд гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэх үйлдвэрлэгч үүсэн билээ.