Засгийн газрын ээлжит хуралдаан (2024.09.25)-аар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталсан байна. Тус тогтоолыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
Тэрээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагыг олон улсын менежментээр удирдуулах Засгийн газрын шийдвэр гарлаа. Чилийн Codelco гэхэд зэс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Энэ төрийн өмчит компанийн хүдэр дэх зэсийн агуулагдах хувь буурсан, үйлдвэрлэлийн өртөг өссөн, улс төрийн нөлөөлөл орсон, ил тод нээлттэй байдал, менежментийн үйл ажиллагаа доголдсоноос зөвлөх үйлчилгээний компани авсан. Үүний дүнд менежментийг хөндлөнгийн компаниар удирдуулсан. Үүний хүрээнд зэсийн үйлдвэрлэл 20 хувиар нэмэгдсэн, өртөг буурсан, орлого өссөн сайн туршлага гарсан.
Мөн Саудын Арабын төрийн өмчит Mining компани үйл ажиллагааны үр ашиггүй байдал үүссэн учраас Boston Consulting, McKinsey компаниас зөвлөх үйлчилгээ авсан. Үүний үр дүнд үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж, зардал 20 хувиас 10 хувь хүртэл буурсан, борлуулалтын орлог нэмэгдсэн.
Мөн Хятадын төрийн өмчит хайгуул, олборлолт, боловсруулалт, таваарын арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Minmetals корпорац түүхий эдийн үнийн савлагаа, дотоод улс төр, өрийн дарамт, инновац технологийн дутагдал, олон улсын өрсөлдөөнөөс шалтгаалж Boston Consulting, McKinsey зөвлөх үйлчилгээнд орж, улс төрийн хараат бус болсон. Ингэснээр ашиг нь 15 хувь өссөн.
Тиймээс цаашид "Эрдэнэс Тавантолгой" ХК олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн компаниар удирдуулах шийдвэр гарсан. Өнөөдрөөс аваад Эрдэнэс Тавантолгойд аудит хийнэ. Ажлын албан даалгавар боловсруулахад зөвлөх үйлчилгээ авна. Нээлттэй сонгон шалгаруулах зарлахад зөвлөх үйлчилгээ авна" гэв.