Зургийн эх сурвалж: NYT
"БНХАУ өнөөгийн дэлхийн хэрэгцээнээс хамаагүй их лити үйлдвэрлэж байна" хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Хосе Фернандез даваа гараг (2024.10.07)-т Португалд айлчлахдаа мэдэгджээ. Үүний шалтгааныг тэрээр наймдугаар сард АНУ Инфляцыг бууруулах актын хүрээнд уур амьсгал, эрчим хүчний хөрөнгө оруулалтын багц 400 тэрбум ам.доллар гаргасны эсрэг Хятадын санаатай үйлдэл хэмээн тайлбарласан байна.
Португал дэлхийн литийн нөөц, үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнуудын нэг юм. Тус улс 2022 онд 600 тонн лити үйлдвэрлэж, үүний дийлэнхийг керамик үйлдвэрлэлд дотооддоо хэрэглэсэн байна. Цаашид тус улс Испанитай хамтран бүс нутгийн литийн нөөцийн давуу талыг ашиглан боловсруулалтаас гадна батарейн үйлдвэрлэл, батарейг дахин боловсруулах үйлдвэр байгуулах зорилготой байгаа. Үүнд Хятадын илүүдэл үйлдвэрлэлээс үүдэн үнэ унаж, хөрөнгө оруулалт татахад нөлөөлж болохыг Фернандез нэмж тодотгожээ.
2022 онд Австрали, Чили, Хятад зэрэг найман улс 129 мянган тонн лити үйлдвэрлэсэн. Үүний 80 гаруй хувийг батарейн түүхий эд болгон ашигласан байна. Улмаар 2030 он гэхэд ногоон шилжилттэй холбоотой жил бүр 240-450 мянган тонн литийн хэрэгцээ үүснэ гэдгийг ОУЭХА-аас мэдээлжээ.
Эх сурвалж: Mining, natural-resources.canada