Литийн үнэ шинэ дээд амжилт тогтоолоо

Э.ОД

Asian Metal -ийн мэдээлснээр (2022.09.16)Хятадын зах зээл дээр лити үнэ 71 315 ам.доллар/тонн хүрч шинэ дээд амжилт тогтоожээ. Өнгөрсөн онд литийн ханш 3 дахин нэмэгдэж цахилгаан машины батарейны үнийг хөөрөгдсөн. Литийн эрэлт өндөр байгаа тул батарейн үйлдвэрлэлийн түүхий эдийн тасалдах болгоомжлол байгаа юм.

Хятадын литийн олборлолтын 1/5-ийг бүрдүүлдэг Сычуань мужид наймдугаар сард эрчим хүчний хомсдол үүссэнээс 2 долоо хоног цахилгаан хязгаарласан нь түүхий эдийн нийлүүлэлтэд саад болж байна. Дэлхий дахин нүүрснээс татгалзахаар эрмэлзэж буй энэ үед цахилгаан машины үйлдвэрлэл хурдацтай нэмэгдэж байгаа юм.

Энэ онд Хятадын цахилгаан машины үйлдвэрлэл 6 саяд хүрч, өнгөрсөн оны нийт борлуулалтаас 2 дахин их болох төлөвтэй. Rystad Energy-ийн судалгаагаар, энэ өвөл Хятадын халаалтын эрэлт нэмэгдэхтэй холбоотой эрчим хүч хомстол үүсэх эрсдэл байна. Энэ нь литийн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулжээ.
Хятад улсад (2022.09.15) литийн зах зээлд чиглэсэн хурал болсон ба үнийг тогтворжуулахад тэргүүлэх компаниудыг дэмжихийг тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам уриалжээ. Үйлдвэрлэгчид үнэ тогтоох талаар тохиролцож, зардлаас ихээхэн зөрүүтэй үнийг санал болгохгүй байхыг хүссэн байна. Мөн хурлаар Хятадын Засгийн газраас литийн хайгуулыг болон дахин боловсруулалтыг дэмжих арга хэмжээ авна гэж мэдэгджээ.

Дэлхийн литийн хоёр дахь үйлдвэрлэгч Quimica & Minera de Chile нь ирэх жилүүдэд литийн үнэ улам өснө гэж таамаглаж байна.