Хятад улс АНУ-аас импортолдог нүүрсэнд 15%-н татвар тавилаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын импортын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн нэмэлт татвар тавьж буйгаа мэдэгдсэн билээ. Үүний хариуд БНХАУ-ын Сангийн яамнаас мэдэгдэл гаргаж, АНУ-аас импортолдог бүх төрлийн нүүрс, шингэрүүлсэн байгалийн хийд 15 хувийн татвар, газрын тосонд 10 хувийн татвар ногдуулахаа өнөөдөр /2025.02.04-нд/ мэдэгдлээ. Ирэх 7 долоо хоногийн даваа гаригаас уг татвар хэрэгжиж эхэлнэ.  

Хятадын Төрийн зөвлөлийн Татварын хорооны мэдэгдэлд, “АНУ нэг талын татвар ногдуулсан нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд энэ нь өөрийн асуудлыг шийдвэрлэхэд тус болохгүй төдийгүй Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хэвийн хамтын ажиллагааг тасалдуулж байна” хэмээн дурдсан байна. 

Хятад улс нь өнгөрсөн онд АНУ-аас 2.41 тэрбум ам.долларын өртөг бүхий 4.16 сая тонн шингэрүүлсэн байгалийн хий импортолжээ. Мөн 14 сая тонн орчим нүүрс импортолсон байна. Citi банкны тооцоолсноор АНУ өнгөрсөн онд 46 сая тонн эрчим хчний нүүрс экспортолсны 3.4 сая тонныг нь Хятад руу, 50 сая тонн металлургийн нүүрс экспортолсны 10.7 сая тонныг нь Хятад руу тус тус нийлүүлсэн байна. Харин Хятад улс өнгөрсөн онд нийт 542 сая тонн нүүрс импортолжээ. 

Мөн Хятадын гаалийн хорооны мэдэгдсэнээр өнгөрсөн онд өдөрт дунджаар 230 мянган баррель газрын тос АНУ-аас импортолж байсан бөгөөд тус улсын нийт газрын тосны импортын 1.7 хувийг бүрдүүлж байжээ.  Ойролцоогоор 6 тэрбум ам.долларын өртөг бүхий газрын тос импортолдог гэсэн үг юм. 

Хятад улсын нэмэгдүүлэн тавьж байгаа татвар нь ойролцоогоор 20 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд хамаарна хэмээн Capital Economics тооцоолсон байна. Энэ нь АНУ-ын тавьсан татвартай харьцуулахад маш бага хэмжээнийх гэдгийг тодотгож байна. Эдийн засагчид болон олон улсын томоохон хэвлэлүүд энэхүү үйлдлийг “хүлээж байсан үр дүн” хэмээн хүлээн авч байна. Мөн энэ удаагийн татварын нэмэгдэл нь хоёр улсын хооронд өрнөх худалдааны дайны дөнгөж “нэгдүгээр үе шат” гэж тодорхойлж буй эдийн засагчид ч байгаа юм.