2030 оноос Монгол Улс жилд 160 сая тонноос дээш нүүрс экспортлох зорилттой

Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2025.02.12) , Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын гэрээтэй холбоотой шийдвэр гарсныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар танилцуулав.  

АҮЭБ-ийн сайд Ц.Туваан “Засгийн газар хоорондын хэлэлцээр хоёр улсын Ерөнхий сайдын хэлэлцээрээр эцэслэгдэнэ. Монгол, Хятад улсын Засгийн газрын Ажлын хэсгийн 60 гаруй хуралдааны дүнд шийдвэрлэсэн асуудлыг протокол байдлаар зэрэг зурна. Үүнийг УИХ-аар соёрхон батална. Дараагаар, компани хоорондын гэрээнүүд зурагдана. Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурах эрхийг УИХ-ын холбогдох байнгын хороодын хуралдаанаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан бид хоёрт өгсөн. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд гэрээ хэлэлцээрийг сайжруулах тал дээр саналууд хэлсэн. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний асуудалд ойлгомжгүй заалт байна. Үүнийг хэлэлцээрт “сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах” гэдэг байдлаар засвар оруулсан. Түүнчлэн, гэрээ зурагдмагц нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт гэсэн гурван ажил зэрэг явна. Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд БНХАУ-ын компаниудад таатай нөхцөл олгоно гэдгийг залруулж талууд харилцан ашигтай хуулийн дагуу явахаар өөрчлөлтүүдийг хийж өгсөн. “Эрдэнэс Тавантолгой” ХК дээд хүчин чадлаараа буюу жилийн 30 сая тонн орчим нүүрс олборлож, экспортолж байгаа. Төмөр замын бүтээн байгуулалт ашиглалтад орох хүртэл 5 жилийн хугацаанд жилд 27 сая тонн нүүрсийг дотоод эх үүсвэрээ дайчилж одоогийн олборлолтоо нэмэгдүүлнэ. Харин төмөр замын хил холболтуудаа хийж 2030 оноос Монгол Улс жилд 160 сая тонноос дээш  нүүрс экспортлох зорилго тавьсан. Тиймээс зайлшгүй шинэ орд газар нээж, тэндээсээ нэмэлт олборлолт хийх шаардлага байна" гэв.   


Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын барилгын ажил эхлэхэд бүх боомтуудыг холбох ажлыг хамтатган ярихад анхаарна. БНХАУ-ын талтай урьдчилж ярилцаж тохиролцсоны хүрээнд бүх боомтуудаа төмөр замаар зэрэг холбох нэмэлт заалтыг гэрээнд оруулсан. Засгийн газар хоорондын гэрээ зурагдсаны дараа яамдууд тус бүр гэрээ зурна. Зам тээврийн яамны хувьд, хил дамнасан төмөр замын байгууламжийг Хятадын “Чайна Энержи” компанийн сонгосон компани, эсвэл сонгон шалгаруулалтаар өөр компанитай хийх үү гэдгээ Хятадын талтай тохиролцоно. Монгол Улсын хуулийн дагуу тендер зарлаж үнэ, өртгийг хямдруулах тал дээр харилцан тохиролцож, нарийвчилсан гэрээ хийнэ”