Ж.СҮНЖИДМАА (Зочин нийтлэлч)
БизМонголиа захирал
Австралийн Күинсланд муж, түүний төв болох Брисбэн хотод “Тогтвортой уул уурхай ба ногоон эрчим хүчний шилжилт” хөтөлбөрт Монгол Улсаас 10 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, суралцах, туршлага солилцох боломж олдсон билээ. Миний бие Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийг төлөөлөн хөтөлбөрт оролцсон юм. Монголоос 9,000 км-ын зайд орших Австралийг монголчууд бид нэг үеэ бодвол харьцангуй сайн мэддэг болсон. Австрали улсын эдийн засгийн томоохон хэсгийг уул уурхай бүрдүүлдэг бөгөөд уул уурхайн бүс нь Баруун Австрали болон Күинсланд мужуудад байдаг. Монгол Улсын хувьд уул уурхайгаа тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжүүлэх, газар доорх баялгаа зохистой ашиглаж, өнөөгийн болон ирээдүй үедээ өгөөжтэй, үлдэцтэй байхад анхаарч хөгжүүлэхэд уул уурхайн эдийн засагтай улс орны туршлагыг сайтар ойлгож, мөн өөрийн нөхцөлд зөв нэвтрүүлэх нь чухал билээ. Энэ ч утгаараа, Австралийн зүүн эргийн хойд хэсэгт байрлах Күинсланд муж, мужийн төв Брисбэн хотын талаар, ялангуяа монголчууд бидний хувьд сурах, улс орныхоо хөгжилд ашиглах хэдэн зүйлийг товчоор уншигч та бүхэнд хүргэж байна.
АШИГТ МАЛТМАЛЫН ЭКСПОРТ
Күинсланд мужийн эдийн засаг нь голчлон уул уурхай, хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын салбараас бүрдэнэ. Австралидаа хамгийн их нүүрсээр баялаг муж нь. Нүүрснээс гадна хар төмөр, байгалийн хий экспортлогч. Нүүрсний хамгийн томоохон экспортлогч зах зээл нь Ази тив, тухайлбал 2023 онд Энэтхэг (48 сая тонн ), Япон (40.9 сая тонн), Солонгос (25.4 сая тонн), Хятад (16.5 сая тонн), Вьетнам (12.6 сая тонн), Тайван (9.3 сая тонн) болон Сингапур (6.1 сая тонн) зэрэг оронд эрчим хүчний болон коксжих нүүрс экспортолсон байна. 2017-2018 онд Австрали Хятадын хооронд нүүрсний экспортын хүрээнд худалдааны зөрчил үүсэхэд Энэтхэг, Япон, Солонгос зэрэг Азийн улс орнуудтай худалдааны харилцаагаа хурдацтай хөгжүүлж, нүүрсний салбарын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалж чаджээ. Ингэж чадсаны гол үндэс суурь нь экспортод гаргаж буй ашигт малтмалын бүтээгдэхүүнүүд нь чанар, үнийн хувьд газар зүйн хувьд ойр орших Ази тивийн орнуудын өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахуйц буюу өрсөлдөхүйц байгаад юм. Мөн боомтын дэд бүтэц болон далайн тээврээ сайн хөгжүүлж чадсантай холбоотой байна. Өөр нэг чухал суурь нь Австралийн уул уурхай болон эдийн засгийн бараг бүхий л салбарууд нь хувийн хэвшилд суурилсан бөгөөд уул уурхайн салбарт олон улсын томоохон компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр эдийн засгийн аливаа нэг бэрхшээл, хүндрэлтэй асуудлууд нь хувийн хэвшлийн болон аж ахуйн нэгжүүдийн даван туулах эрсдэл, цаашилбал үйл ажиллагаагаа, бизнесээ илүү боловсронгуй болгох боломж гэдэг зарчмын бөгөөд чухал ялгаа байна. Уул уурхайн салбар нь экспортод эцсийн бүтээгдэхүүн биш харин голчлон боловсруулсан түүхий эд гаргадаг. Энэ нь эцсийн бүтээгдэхүүн хийгээд гаргах, эсвэл боловсруулж түүхий эдээр нь гаргахыг сайтар харьцуулж, аль хувилбар нь илүү оновчтой бөгөөд өрсөлдөхүйц гэдэгт голлон анхаарч гаргасан шийдвэр юм. Уурхайн нөөцийн ашиглалтыг өндөр байлгах, хэрэглэгчдэд хүргэх түүхий эдийн чанар, стандартыг жигд байлгах үүднээс олборлож буй түүхий эдийн боловсруулалтыг зайлшгүй хийдэг. Күинсланд мужийн ашигт малтмалын түүхий эдийн экспортын энэхүү байдлыг Монгол Улстай харьцуулахад, манай экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын тээвэр, логистик, уурхайн нөөцийн ашиглалт, нүүрсний баяжуулалт, худалдан авагч нэг л улсаас хараат байдал нь бидний эмзэг, сул талыг илүү тодруулан харуулж байна. Мөн ашигт малтмалын нөөц дээрээ түшиглэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргана гэх санаа, одоогоор гаргаад байгаа шийдвэрүүд хэр зөв бөгөөд оновчтой вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй, мөн өөрсдийнхөө өрсөлдөх чадвараа бодитой үнэлж байж эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй санагдана. Буруу шийдвэр бүрт бид маш их төлбөр төлөөс төлж, ингэснээр нийгэм, эдийн засаг болон байгаль орчны хямралд илүү гүнзгий өртөж, ихээхэн хохирол амсаж, дахин босож ирэхэд ч хэцүү болох аюул тийм ч их хол биш байна.
БРИСБЭН-ТОГТВОРТОЙ БУЮУ НОГООН ХОТ
Күинсланд мужийн төв болох Брисбэн нь тогтвортой хөгжлийн жишиг болсон хот юм. Хотынхоо хөгжилд тогтвортой хөгжлийн зарчмыг тууштай мөрдсөнөөр, амьдрахад ээлтэй бөгөөд таатай, ногоон гэдгээрээ зөвхөн Австралидаа биш олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгджээ. Энэ нь Брисбэн хотыг 2032 оны зуны олимпыг зохион байгуулах хотоор шалгарах нэг суурь хүчин зүйл болсонд эргэлзэх юмгүй. Брисбэн хотын иргэд, энэ хотод ажил, амралтаар түр ирсэн хэн боловч хотын эрүүл, тайван амьдралын хэв маягт шилжин орж, таатай байдлыг өдөр тутамдаа мэдэрнэ. Хотын аль ч хэсэгт олон нийтийн амрах, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын газар элбэг, хүн бүрт нээлттэй. Тухайлбал, хотын төвд 42 га талбай бүхий хиймэл нуур, наран шарлага болон бусад цэнгээн тоглоомын талбай бүхий сайтар тохижуулсан олон нийтийн амралтын хэсэгтэй. Хотын бусад хэсэгтээ ч олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн, тэдгээрт биологийн баялаг төрөл зүйлсийг хамгаалж, нутагшуулж чадсан, мөн аюулгүй хот юм. Ингэснээрээ ч тогтвортой хотыг шалгаруулах олон улсын болон НҮБ-ын холбогдох шалгуурыг хангаж, тогтвортой хот хэмээх шагнал, гэрчилгээг хүртэж чаджээ. Австраличуудын нийтлэг чанар, амьдралын үнэ цэн нь энгийн сайхан, эрүүл амьдрах. Энэ ч утгаараа австрали хүмүүс, австрали гэр бүлийн хувьд ажлын цагаараа сайн ажиллах, тэгээд амралтын өдөр болон ажлын бус цагаар идэвхтэй амарч, аялах. Тухайлбал далайн эрэг ба наран шарлагын газар амрах зэргээр чөлөөт цагаа өнгөрөөдөг.
Ажил, амьдралын энэ хэв маягийн нэг үзүүлэлт нь австраличуудын дундаж наслалт өндөр буюу 82 нас. Энэ нь дэлхийн дундаж наслалтаас (73 нас) даруй есөөр илүү байна.
Күинсланд мужид хөдөө аж ахуй сайн хөгжсөн нь маш чанартай мах, махан бүтээгдэхүүн, сүү болон сүүн бүтээгдэхүүн, шинэ жимс, ногоог жилийн дөрвөн улирал идэх боломжтой. Эдгээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ мөн экспортолдог нь мужийн эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулдаг. Амьдралын чанар сайн, амьдрах орчин эрүүл, маш тааламжтай байдал нь австрали хүмүүсийг амьдралын өдөр тутмын энгийн харьцаанд найрсаг хандлагатай байх нэг гол суурь хүчин болж байна. Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчны чанар, зөвхөн өвлийн улиралд биш жилийн дөрвөн улирлын турш тоос, утаатай, хөрсний бохирдолтой мөн бүх насны хүмүүст, тухайлбал гэр бүл, хүүхэд, залуучуудад ээлтэй газар маш хязгаарлагдмал, хотхоны дунд багахан газар цөөн хэдэн тоглоом тавьсан нь ашиглахад тохиромж муутайгаас гадна хүүхэд, залуучуудад ээлтэй биш. Арай цэвэрхэн ногоондуу орчинд амьдарья гэвэл маш өндөр үнэтэй хотхонд байр худалдан авч, бусдаас ялгарч “тансаг” амьдрах нь нийгмийн бүх түвшинд баян ядуу гэх зааг ялгааг улам нэмэгдүүлж, иргэд хоорондын харилцааг улам хүндрүүлж, маш их сөрөг үр дагавартай болгож байгаа нь Улаанбаатар хотын маань байдаг л нэг дүр зураг, өдөр тутмын амьдралын дадал, соёл болж байгаа нь ихээхэн харамсалтай.
АЛДААГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, АРДЧИЛЛЫН ӨДӨР ТУТМЫН ДАДАЛ
Австраличууд аливаа нэг албан хурал, хэлэлцүүлэг дээр танилцуулга хийхийн өмнө Австралийн уугуул иргэдийг хүндэтгэн, тэдний эрх, соёлыг хүлээн зөвшөөрдгөө заавал илэрхийлдэг. Энэ нь олон зуун жилийн өмнө Европоос шилжин ирэгсэд Австрали тивд сууршин амьдрахдаа нутгийн иргэдтэй зүй бусаар харьцаж, тэдний суурь эрх, соёлыг хүндэтгээгүй түүхийн гашуун сургамжаас үүдэлтэй. Австраличууд уугуул иргэдээсээ уучлал гуйн, аливаа асуудалд тухайлбал уул уурхай болон дэд бүтцийн томоохон төслүүдийн хэрэгжилтийн бүхий л шатанд шийдвэр гаргах болон үйл ажиллагаа явуулахад голлон харгалзан үздэг зүйлсийн нэг нь уугуул иргэдийн эрх, тэдний түүхэн уламжлал, соёл заншлыг хүндэтгэн үзэх юм. Уугуул иргэдтэй холбоотой энэхүү асуудлыг австрали хүнээс асуухад эргэлзэх юмгүй мөн ямар нэг сөрөг тайлбар хэлэлгүй хүлээн зөвшөөрнө. Энэ нь улс орны түүхэнд гарсан алдаагаа ойлгох, уучлал гуйх, тэгээд эдийн засаг, нийгмийн аливаа асуудлыг нийгмийн бүхий л талуудад ялангуяа эмзэг бүлгүүдэд хэрхэн зөв хүртээмжтэй байлгахад анхаардаг нийтлэг соёл, хүний эрхийг хүндлэх болон ардчиллын өдөр тутмын зөв дадлыг бий болгожээ. Энэхүү соёл, дадал нь Австрали улсын ардчилал, нийгмийн нэгдмэл байдал, улс үндэстний урт хугацаанд оршин тогтнохын нэг чухал хүчин зүйл болсон санагдлаа. Эзлэн түрэмгийлэхдээ тухайн улс орон, ард түмний соёл заншил, түүнчлэн шашин шүтлэгийг ойлгож, хүлээн зөвшөөрдөг сайхан уламжлалыг Чингис хаан бидэнд үлдээсэн. Харин харамсалтай нь хөгжлийн өнөөгийн үед бид хүний эрх, хүний амьдрах хамгийн анхдагч суурь эрх болох амьд байх, эрүүл байх, сурч боловсрох эрхийг маш их зөрчдөг, мөн бүх түвшинд иргэд хоорондын харилцан тэгш, хүндэтгэлтэй бөгөөд найрсаг харилцаанд ихээхэн хэр суусан төдийгүй өдөр тутмын харилцааны зөв дадал улам ихээр алдагдаж байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ нь бидний цаг алдалгүй засах, сайжруулах зүйлсийн нэг болоод байна.
ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД
Күинсланд муж 11 их, дээд сургуультай, дунджаар нийт оюутнуудын 20 хувь нь гадаадын оюутнууд. Гадаадын оюутнуудыг татах гол хүчин зүйлс нь чанартай сургалтын хөтөлбөр, сургуулийн орчин буюу суралцахад маш ээлтэй кампус нь. Их, дээд сургуулийн болон салбар сургуулиудын дэргэд эдийн засгийн гол салбар, өнөө болон ирээдүйн хөгжилд хурцаар тавигдаж буй асуудлуудын хүрээнд тогтмол ажилладаг хүрээлэн, төвүүдтэй. Тухайлбал Күинсландын Их Сургууль. Энэ сургууль нь Австралийн хамгийн сайн сургуулиудын нэг, дэлхийн топ 100 их сургуулийн жагсаалтад тогтмол ордог. Тус их сургуулийн дэргэд Тогтвортой уул уурхайн хүрээлэн, Күинсландын оюуны хүрээлэн, Биоинжинер болон Нано технологийн хүрээлэн гэх мэт муж, улсын түүнчлэн олон улсын эдийн засгийн томоохон салбарын гол асуудлуудын хүрээнд судалгаа, шинжилгээ хийж, мэдлэг түгээдэг төвүүд байдаг. Эдгээр төвийн үйл ажиллагаа аливаа салбарын болон эдийн засаг, нийгэм, байгаль орчны томоохон бөгөөд хурцаар тавигдаж байгаа асуудлуудыг бүрэн зургаар харах, оновчтой зөв шийдвэр гаргахад ихээхэн тустай. Боловсрол, мэдлэгийг зөв удирдаж, сайн зохион байгуулсанаар их, дээд сургууль нь санхүү, хүний нөөцийн хувьд илүү бие даасан, зах зээлд өрсөлдөхүйц, олон талт динамик хөгжлийн энэ үед зөвхөн чанартай боловсрол биш мөн одоо болон ирээдүйн хөгжилд хэрэгтэй мэдлэгийг бүтээгч, түгээгч байж чадаж байна. Монголд тухайлбал нийслэл хотод маань хэдэн их, дээд сургууль байгаа билээ, тэдгээрийн хэд нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол асуудлуудын талаар оновчтой зөв шийдвэр гаргахад хэрэгтэй мэдлэг, мэдээллийг гаргаж чадаж байгаа билээ. Тэгж чадах механизм, уялдаа холбоо болон боломж байгаа билүү? Мөн хэд нь манай улсын экспортын одоогийн болон ирээдүйн гол салбарууд болох уул уурхай, ноос ноолуур, хүнс, хөдөө аж ахуй,аялал жуулчлал, санхүү, дата болон цахим хөгжлийн мэдлэг, мэдээллийг хөгжүүлж, мөн олон улсын хэмжээний сургалт явуулж байгаа билээ гэдэг асуудлуудыг сайтар тунгаан бодох хэрэгтэй байна.
Төгсгөлд нь бичихэд, дэлхийн хэмжээнд эдийн засгийн хөгжлөөрөө 14 дүгээрт жагсдаг, цаг уур, газар зүйн байршлын хувьд олон давуу тал бүхий Австрали улстай, газар зүйн байршил, хөгжлийн хувьд ихээхэн сорилттой, дэлхийд эдийн засгийн хөгжлөөрөө 119 дүгээрт жагсаж буй Монгол Улсаа харьцуулах нь учир дутагдалтай байх. Гэхдээ улс орнуудын ялангуяа амжилттай хөгжсөн улс орны сайн жишгийг маш сайн нэвтрүүлж, нийт иргэдээ эрүүл, аюулгүй, сэтгэл дүүрэн амьдруулах нь манай улсын хөгжлийн хамгийн чухал анхаарах зүйл болоод байна.
Майнинг Инсайт сэтгүүл, Арваннэгдүгээр сар 2024