"China Shenhua Energy" нүүрсний импортоо зогсоохоор төлөвлөжээ

Хятадын хамгийн том нүүрс олборлогч, импортлогч "China Shenhua Energy" компани нүүрсний худалдан авалтаа зогсоохоор төлөвлөж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Энэ нь тус улсын боомтууд дахь нөөц нэмэгдэж байгаатай холбоотой аж. "China Shenhua Energy"-ийн шийдвэр нь импортын нүүрсний үнийг бууруулна гэж дотоодын компаниуд үзэж байна.

"China Shenhua Energy"-ийн толгой компани болох CHN Energy Investment Group (CEIC)-ийн энэхүү шийдвэр дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ гэж мэдээлэлд дурджээ. Шийдвэр тодорхой хугацаа заасан, урт хугацааны гэрээнд хамаарахгүй аж. 

Нүүрсний төрлийг мэдээллүүдэд дурдаагүй бөгөөд эрчим хүчний нүүрстэй холбоотой байх магадлалтай.  

"China Shenhua Energy" импортоо зогсоох хугацаа хэр удаан үргэлжлэх талаар шийдвэр гараагүй юм байна.

"China Shenhua Energy"-ийн шийдвэрийг бусад компаниуд дагаж мөрдөх, цаашлаад Хятадын Засгийн газрын бодлогын хэмжээнд хүрч нүүрсний импортыг хязгаарлах эсэх талаар тодорхойгүй байна.  "China Shenhua Energy"-ийн тайланд дурдсанаар, энэ оны нэгдүгээр сард нүүрсний борлуулалт 30.2 сая тонн хүрч өмнөх оны мөн үеийнхээс 21.6 хувиар буурсан байна. Түүнчлэн олборлолт өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар буурч 24.9 сая тонн болжээ.  

Тус компанийн хувьд анх удаа импорттой холбоотой ийм шийдвэр гаргаж буйг салбарын шинжээчид онцолжээ. Харин Хятад улсын хэмжээнд нүүрсний импортыг түр хязгаарлах арга хэмжээ авч байсан. Тухайлбал, 2013 онд “Нүүрсний чанарын удирдлагын талаарх түр арга хэмжээ” -г авснаар чанар муутай нүүрсний импорт эрс буурч байжээ. 2020 онд Австралийн нүүрсний эсрэг Хятад импортын албан бус хориг тогтоосноор дотоодын эрэлт, нийлүүлэлтийн бүтцийг өөрчилж импортод Австралийн тэргүүлэх байр суурийг бууруулсан. Эдгээр арга хэмжээний гол үр дүн нь Хятадын дотоодын нүүрсний үнэ буурсан явдал.  

"China Shenhua Energy"-ийн шийдвэр нь боомтууд дахь нөөцийг суллаж өөрийн нүүрсний худалдааг нэмэгдүүлэх, импортын нүүрсний үнийг бууруулах, мөн дотоодын нүүрсний зах зээлийг идэвхжүүлэх зорилготой гэж Хятадын шинжээчид тайлбарлаж байна. 

Mysteel-ийн мэдээллээр, хоёрдугаар сарын 21-ний байдлаар Хятадын томоохон 55 боомт дахь эрчим хүчний нүүрсний нөөц 72.92 сая тонн буюу 2019 оны наймдугаар сараас (77.46 сая тонн) хойших хамгийн өндөр хэмжээнд дөхөж байна.