Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын төлөөлөл, УИХ-ын гишүүдийг Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм тэргүүтэй удирдлагууд Оюутолгойн уурхайд хүлээн авч, үйл ажиллагааг өчигдөр (2025.03.20) танилцуулсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюутолгойн уурхайтай танилцах үеэрээ, ”Оюутолгойн нөөцийг баялаг болгон хувиргаж, улс орон, ард түмэндээ үр өгөөж болгон хүртээхэд хүчин зүтгэж буй 20 гаруй мянган монгол залуус Та бүхнээр бахархаж байна. Монгол залуустай мөр зэрэгцэн ажиллаж, эрдэм мэдлэгээ хуваалцаж байгаа гадаад, дотоодын мэргэжилтнүүддээ бас талархаж байна” хэмээн онцолсон байна.
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм энэ үеэр, “Оюутолгойн уурхайгаас олборлож буй зэс нь хүн төрөлхтний ногоон хөгжилд Монгол Улсын оруулж байгаа үнэтэй хувь нэмэр төдийгүй, энд хэрэгжүүлж буй байгаль орчны чиглэл дэх үйл ажиллагаанууд нь Монгол Улсын Ерөнхийлөгч таны санаачилсан олон төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж буй бодит жишээ юм” хэмээн талархлаа илэрхийлжээ.
Оюутолгойн уурхайн үйлдвэрлэлийн оргил үедээ өдөр бүр ойролцоогоор 17 мянган цахилгаан автомашин үйлдвэрлэх хэмжээний зэсийг үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.