Ганцмод боомтын гаалийн агуулахад хуримтлагдсан 4 сая тонн нүүрсийг дахин арилжина

Монголын хөрөнгийн биржээр арилжиж буй уул уурхайн бүтээгдэхүүний амжилттай арилжааны тоо буурсан байна. 2025 оны нэгдүгээр сард биржээс зарласан нүүрсний арилжааны 58.8 хувь, хоёрдугаар сард 64 хувьд худалдан авагч гараагүй байна. Түүнчлэн нүүрсний үнэ өнгөрсөн жилийн дундаас хойш ойролцоогоор 30 хувиар буурсан. 

Улмаар өнгөрсөн оны дөрөв болон тавдугаар сард худалдан авалт хийсэн 8.1 сая нүүрснээс 3.2 сая тонныг худалдан авагч тал авалгүй гэрээний хугацаа дууссан байна. Энэхүү Ганцмод боомтын гаалийн баталгаат агуулахад хуримтлагдсан 4 сая тонн нүүрсийг дахин арилжихаар болжээ. 

Үүний үр дүнд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа идэвхжиж, худалдан авагчдын эрх ашгийг хамгаалж, нүүрсний үнэ буурснаас үүссэн алдагдлыг бууруулна гэж холбогдох албаныхан үзсэн байна. 

Нүүрсний биржийн арилжаа буурсантай холбогдуулан дараах төслүүдэд шинэчилсэн найруулга оруулжээ. Үүнд: 

• Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам /шинэчилсэн найруулга/
• Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцооны журам/шинэчилсэн найруулга/
• Нүүрсний спот, форвард гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам/шинэчилсэн найруулга/
• Зэсийн баяжмалын гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам /шинэчилсэн найруулга/
• Төмрийн хүдэр, баяжмалын гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам /шинэчилсэн найруулга/
• Хайлуур жоншны хүдэр, баяжмалын гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам  /шинэчилсэн найруулга/
• Нүүрсний форвард гэрээг дахин арилжаалах журам /шинээр боловсруулав/ багтсан байна.