“Мон-Атом” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргал сэтгүүлчдэд өнөөдөр (2025.03.25) мэдээлэл өглөө. Тус мэдээллээс тоймлон хүргэе.
Манайхаас авсан шар нунтгийн баяжуулж цөмийн түлш болгоно. Тэр эрчим хүчээр хөрш зэргэлдээ Англи, Герман, Швейцар, Люксембург, Бельги зэрэг улсуудыг хангана. Францаас Англи улс 20 хувь, Герман 30 хувь эрчим хүч авч байна. Бид нэг талаар буянтай үйлс хийж байна. Эдгээр улсууд ирээдүйд манайхаас хамааралтай болно. Энэ бол том боломж.
Уран хортой юм бол хүн, мал тэр чигээрээ хордох ёстой. Яагаад гэхээр тэнд нэг ганц ишиг, тэнд нэг ганц тэмээг хордуулаад явахгүй. Нэг хэсэгт тэр чигтээ тархана. Адилхан бүгд өртөнө. Гэтэл хордсон гэх малууд нь нэг нэгээрээ гарч ирдэг. Уг нь яг адилхан реакци үзүүлэх ёстой.
Ураныг олборлоход 100 литр усанд 1.5-2 литр хүхрийн хүчил хийнэ. Газрын доор 170-200 метрт усыг бохирдуулна. Хүмүүс тэр усыг ууж чадахгүй, хүн, мал хордоно гэдэг. Ямар ч худаг максимум 20 метрээс гаргаж ирнэ. Тийм гүн рүү ямар ч ургамал, мод ургахгүй.
Зөөвч-Овоо жилд 2500 тонн уран олборлосноор дэлхийд 5, 6-д орох том үйлдвэрлэл болно. Одоо бол уран олборлож эхлээгүй байгаа. Үйлдвэрлэл явагдаж эхлэхэд 1600 ажилчин хэрэгтэй болно. 100 км цахилгаан шугам, 160 км автозам тавина. Мөн Зүүнбаягийн төмөр замын өргөтгөл хийнэ. Эхний ээлжинд Зүүнбаян суманд 700 ажлын байр бий болно. Эхний хоёр жилд 500-600 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ.
Биднийг тойроод, манай хилийн цаана Орос, Хятадын нутагт ураны уурхай, баяжуулах үйлдвэрлэл явагдаж байна. Хоёрдугаарт, Казахстан, Австрали, Канад гээд улсууд бүгд уран олборлож байна. Эдгээр улсууд нээлттэй нийгэм. Ямар нэг зүйл болсон бол тэнд эсэргүүцэж байгаа.
Казахстаны ордууд 10-20 км орчим зайтай байдаг. Харин Улаанбадрах сумын ураны төслийн Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт гэсэн талбай 500 метрээс 1 км-ын ойрхон байгаа. Зөвлөлтийн үед Монголын ураны нөөцийг 1.5 сая тонн гэж тогтоосон. Энийг одоо JORC олон улсын стандартын дагуу батлах ёстой. Казахстан хөгжсөн шалтгаан нь ингэж стандартын дагуу баталсан явдал. Казахстанд гадаадын 7 төсөл, 50-иад ордод Хятад, Япон, Орос, Франц, Канад зэрэг улсууд байгаа.
"Мон-Атом" ХХК-ийн тухай
Тус компани 2009 онд Засгийн газрын 45 дугаар тогтоолоор 100 хувь төрийн өмчит ХХК хэлбэрээр байгуулагдсан. Улмаар 2019 онд Засгийн газрын 09 дүгээр тогтоолоор төрийн эзэмшлийн бүх хувьцааг "Эрдэнэс Монгол" ХХК-д шилжүүлж, охин компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Компанийн үндсэн үйл ажиллагаа нь стратегийн ач холбогдол бүхий орд газруудад төрийг төлөөлж ажиллах чиг үүрэгтэй.