“Алт-3 аян”-ы хүрээнд олон улсын зах зээлээс урьдчилгаа санхүүжилт татах талаар ярилцав

Өчигдөр (2025.03.25) Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хуралдаан болсон байна. Тус хуралдаанаар Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцжээ. 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Алт-3 аян”-ы хүрээнд олон улсын зах зээлээс урьдчилгаа санхүүжилт татах талаар хэлэлцсэн байна. 

Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагуудын гадаад зах зээлд байршуулсан нөөцийг дотоод эдийн засагт татаж байршуулан эдийн засгийн эргэлтэд оруулах, үүнтэй уялдуулан Төсвийн тухай хуулийн хүрээнд Засгийн газрын дотоод үнэт цаас гаргах талаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Хадгаламжийн даатгалын корпорацын эзэмшиж буй Монгол Улсын Засгийн газрын гадаад бондыг үнийн хэлбэлзэл үүсгэхгүйгээр арилжаалж, чөлөөлөгдөх гадаад валютын нөөцийг Монгол улсын дотоод зах зээлд оруулж ирэх зөвлөмжийг СТБЗ-өөс Хадгаламжийн даатгалын корпорацад хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Тус ээлжит бус хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Т.Жамбаажамц, Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцсон гэж Монголбанкнаас мэдээллээ.