Хятадын алтны импорт 11 сарын дээд хэмжээнд хүрчээ

Дэлхийн зах зээл дээр шар металлын ханш дээд амжилт тогтоосноос үл хамааран Хятад улсын алтны импорт нэмэгдсээр байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улс 127.5 тонн алт импортолсон нь сүүлийн 11 сарын хамгийн дээд хэмжээнд хүрчээ. Энэ нь өмнөх сарынхаас 73 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Тэгвэл зах зээл дээр алтны ханш тасралтгүй өссөөр бүх цаг үеийн оргил түвшинд хүрч 3500 ам.доллар шүргэж тэмдэглэгдсэн.

Хятадын алтны импорт нэмэгдсэн нь тус улсын Төв банк дөрөвдүгээр сард зарим арилжааны банкуудад шинэ квот хуваарилсантай холбоотой гэж шинжээчид үзэж байна. 

Геополитикийн тодорхойгүй байдлаас хамгаалж Хятад дахь хөрөнгө оруулагчид алт ихээр худалдан авсан нь энэ оны эхээр шар металлын ханшийн өсөлтийг дэмжжээ. Алтны ханш тавдугаар сард харьцангуй суларсан ч Хятадын Төв банкны худалдан авалт үргэлжилж байгаа нь шар металлын үнийг цаашид дэмжих төлөвтэй байна.