БНХАУ-ын коксжих нүүрсний импорт дөрвөн сар дараалан буурсны дараа энэ оны дөрөвдүгээр сард сэргэж байна. Энэ нь Монгол, Австралийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж Хятадын гаалийн алба мэдээлжээ. Дөрөвдүгээр сард тус улсын коксжих нүүрсний импорт өмнөх сарынхаас 3.6 хувиар өсөж 8.89 сая тоннд хүрсэн байна. Гэсэн ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар бага байна. Тарифын хурцадмал байдлын улмаас АНУ-аас 76 мянган тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 87.3 хувиар буюу эрс буурчээ.
Тухайн сард 860 сая ам.долларын коксжих нүүрс Хятад импортолж, өмнөх оны мөн үеийнхээс 48.2 хувиар, өмнөх сараас 4.7 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Импортын коксжих нүүрсний дундаж үнэ 97.2 ам.доллар/тн байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 55.3 ам.доллар/тн, өмнөх сарынхаас 8.4 ам.доллар/тн болж буурчээ.
Энэ оны дөрөвдүгээр сарын үзүүлэлтээр, Хятадын зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлтээр эхний тавд Монгол, Орос, Канад, Австрали, Индонези улс байна. Тухайн орнууд Хятадын нийт коксжих нүүрсний импортын 98 хувийг бүрдүүлсэн аж. Монгол, Оросын нийлүүлэлт дээд хэмжээнд хүрсэн бол АНУ эхний таваас хасагджээ.
Хятад дөрөвдүгээр сард Монголоос 4.84 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 11 хувиар буурсан тавдугаар сард 9.4 хувийн өсөлттэй байна. Импортын дундаж үнэ 76.6 ам.доллар/тн буюу өмнөх оны мөн үеэс 54.4 ам.доллар/тн, өмнөх сараас 8.3 ам.доллар/тн-оор буурчээ. Оны хоёрдугаар улиралд Монголын нийлүүлэлтийн урт хугацааны гэрээний үнэ буурсан нь Хятадын импорт нэмэгдэхэд нөлөөлсөн байна.
Харин Оросоос 2.53 сая тонн коксжих нүүрс Хятад импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.3 хувиар, өмнөх сарынхаас 9.3 хувиар тус тус буурчээ. Оросоос коксжих нүүрсийг дунджаар 98.1 ам.доллар/тн үнээр импортолсон байна.
Эхний дөрвөн сарын байдлаар Хятадын коксжих нүүрсний импорт 36.33 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 4 хувиар, үнэ нь 33.1 хувиар буурч 4.16 тэрбум ам.доллар болжээ.
Мөн хугацаанд Монгол Улсаас худалдан авсан коксжих нүүрсний хэмжээ 17.8 хувиар буурч 15.7 сая тонн болсон бол Австралиас татсан хэмжээ 2.3 сая тонн буюу 6.7 хувиар мөн буурсан үзүүлэлттэй байна.