Оюутолгой компани гүний уурхайн панель 1-ийн бүтээн байгуулалтыг зогсоолоо


Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил зургаадугаар сарын эхээр "Онтрэ" ХХК-ийн лиценз рүү нэвтрэх байсан. Энэхүү лиценз рүү нэвтрэхийн тулд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж "Эрдэнэс Оюу Толгой" ХХК  "Онтрэ" ХХК-тай хэлэлцээр хийж буй. Тэгвэл өнгөрсөн баасан гараг (2025.06.06)-т "Онтрэ" ХХК өөрийн цахим хуудаст Панел 1-ийн бүтээн байгуулалтыг хойшлуулж буйгаа мэдэгдсэн байна. Бүтээн байгуулалтын ажил урт хугацаанд хойшлогдсон тохиолдолд бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж, бизнесийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө учруулж болзошгүй гэжээ. 

Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Стивен Скоттын ярилцлага itoim.mn сайтад тавигдсан (2025.06.09) байна. Тэрээр "Онтрэ ХХК эдийн засгийн үр ашгийн “34 хувиа аваач ээ” гэдгийг  удаа дараа Монголын Засгийн газрын төлөөлөлд тавьж байгаа. Онтрэ ХХК бүх тайлангаа олон нийтэд нээлттэй тавьдаг. Тайлан болгондоо “Онтрэ ХХК эдийн засгийн үр ашгийн 34 хувиа Монголын Засгийн газарт олгоход бэлэн, олгохыг эрмэлзэж байна” гэдгээ илэрхийлсэн. 2023 онд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөлтэй уулзаад эдийн засгийн үр ашгийн “34 хувиа авна уу” гэж ярилцсан. Харин Монголын Засгийн газрын төлөөллийн нэг ч сайд, нэг ч албан тушаалтан бидэнд эргэж хариу өгөөгүй... Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ирээд Монголын Засгийн газрын төлөөллүүдтэй уулзсан. Энэ жилийн эхээр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сайдтай ярьсан, Ц.Туваан сайд, Эрдэнэс Оюу толгойн удирдлагатай уулзсан. Энэ мэтээр уулзсан эрх мэдэл бүхий албан тушаалтан бүрд Онтрэ ХХК-ийн 34 хувиа яриад явсан" гэжээ. 

Мөн өнөөдөр (2025.06.09) "Оюутолгой" ХХК-иас "Онтрэ" ХХК-ийн гаргасан мэдээлэлтэй холбогдуулан цаг үеийн мэдээлэл гаргалаа. Тус мэдээлэлд Панел 1 хэсгийн бүтээн байгуулалтыг зургаадугаар сараас түр зогсоолоо. Учир нь Оюу толгойн бүлэг ордын хэсэг болох  “Онтрэ” ХХК (Entrée Resources LTD)-ийн эзэмшиж байгаа талбайн лицензийг шилжүүлэх хэлэлцээ “Онтрэ” ХХК болон Монгол Улсын Засгийн газар хооронд үргэлжилж байгаа тул бид шийдвэр эцэслэгдтэл өөр компанийн лицензтэй талбайд нэвтрэх боломжгүй юм. Харин Панел 0, Панел 2 хэсгийн уул уурхайн бүтээн байгуулалт болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа үргэлжилнэ гэв. 

Өнөөгийн байдлаар Панел 2 руу нэвтрээгүй бөгөөд одоо явагдаж буй Панел 0-ийн бүтээн байгуулалтын хамт үргэлжлүүлэхээр болжээ. 
Панел 2-ын ашиглалтын хугацаа 22 жил, урьдчилсан үнэлгээ бодитой зэрэглэлээр 78 сая тонн геологийн нөөц, боломжтой зэрэглэлээр 88 сая тонн геологийн нөөц, дундаж агуулга 1.35 хувийн зэс, 0.49 хувийн гр/тн алт, 3.6 гр/тн мөнгө гэж 2021 онд тооцоолжээ. Өнгөрсөн онд Оюутолгой 215 мянган тонн зэс, 206 мянган унц алт үйлдвэрлэсэн. Харин энэ жил зэсийн үйлдвэрлэлийг 50 хувиар нэмэгдүүлэхээр зорьж байна.