Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Г.Дамдинням ажиллана

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүнийг УИХ-д (2025.06.17) танилцууллаа. Шинэ Засгийн газрын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Г.Дамдинням ажиллана.  

Гонгор Дамдинням нь нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжилтэй. 2005-2007 онд Монгол Улсын боловсролын их сургуульд улс төр судлалаар, 2013-2016 онд Бритиш Колумбын их сургуульд Уул уурхайн засаглал, бодлого судлалаар тус тус магистр зэрэг хамгаалсан. 

Тэрээр 2008-2009 онд Байгаль орчны сайдын зөвлөх, 2009-2010 онд БСШУ-ны сайдын зөвлөх, 2010-2013 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Нийгмийн хөгжлийн проректор, 2015 онд Канадын Бритишийн Колумбын их сургуульд судлаач, 2017 онд “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн Гүйцэтгэх захирал ажиллаж байсан. 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон өнөөг хүртэл ажиллаж байна. Түүний хувьд Монгол-Канадын Парламентын бүлгийг тэргүүлдэг.