Монголын уул уурхайн үндэсний ассоциаци төрийн эзэмшлийн хувь тогтоох хэлэлцээрүүдэд оролцох хүсэлт гарган өнөөдөр (2025.09.22) хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хэвлэлийн хуралд МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа мэдээлэл өгөв.
Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж "Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно" гэж заасан.
Дээрх нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн батлах үед хууль тогтоогчдын зүгээс, тодруулбал Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт "... Ер нь үр өгөөжийн дийлэнхийг гэдэг үгийг ерөөсөө байгалийн баялгийг, стратегийн ордыг ашиглах дээр дандаа төрийн өмч давамгайлсан компани байгуулаад, төр бүгдийг нь мэддэг болно гэсэн үг биш шүү. Мэдээж төр оруулж байгаа хөрөнгө оруулалтынхаа хувь хэмжээгээрээ л өмчлөөд явна..." хэмээн хууль тогтоогчийн хүсэл зоригийг танилцуулж байсан.
Өнгөрсөн 35 жилийн хугацаанд Монголд хэрэгжсэн том төслүүдийн цаана зөвхөн хувийн хэвшил, гаднын хөрөнгө оруулалт байсан.
Стратегийн ач холбогдол бүхий ордуудын тухайд төрийн эзэмшлийн асуудлыг хүчээр тулган шийдэх бус, харин тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудтай харилцан зөвшилцөлд хүрэх замаар шийдвэрлэх хэлэлцээ нь зөвхөн төрийн эрх ашигт нийцэхээс гадна хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, харилцан итгэлцлийг бий болгоход чухал ач холбогдолтой.
Олон намын төлөөллөөс бүрдсэн парламентын зүгээс уул уурхайн салбарт тогтвортой хөгжлийг хангах, хувийн өмчийг хамгаалах асуудалд анхаарал хандуулан ажиллахыг хүсэж байна.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудтай харилцан зөвшилцөлд хүрэх замаар шийдвэрлэх хэлэлцээ нь хөрөнгө оруулагчдад нийцнэ
МУУҮА нь салбарын төлөөлөл дүрэмд заасан зорилгынхоо хүрээнд тус салбарт хариуцлагатайгаар манлайлан ажиллаж буй гишүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалан, уулзалт хэлэлцээрийн үйл явцад ажиглагчаар оролцон, хэлэлцээрийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж буй эсэхийг ажиглах боломж нөхцөл бүрдүүлж өгөхийг хүсэж байна. Уг хэлэлцээрийн үр дүнд олон жил үл ойлголцсон асуудлууд нэг талдаа гарч, хувийн өмчид төрийн хувь эзэмшлийг тогтоохоос илүү боломжит бусад хувилбаруудыг хэлэлцэн талууд ойлголцоно хэмээн найдаж байна.