Хүний эрх ба ажилтны дуу хоолой

Европын Холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-өөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд бэлтгэв. Өгүүллийн агуулга нь зөвхөн оролцогчдын байр суурийг илэрхийлэх бөгөөд Европын Холбоо болон НҮБХХ-ийн байр суурийг илэрхийлээгүй болно.

Д.НАМУУНЦЭЦЭГ

Өнөө цагт бараг л бүх байгууллага “хүн төвтэй бодлого хэрэгжүүлнэ”, “хүний эрхийг дээдэлнэ” хэмээн үнэт зүйл, эрхэм зорилгоо тодорхойлдог болжээ. Гэвч эдгээр үгс бодит амьдрал дээр хэр биелдэг вэ? Албан ёсны тунхаглал, уриа лоозонгийн цаана ажилтны дуу хоолой дарагдаж, тэдний эрх ашиг орхигдож буй тохиолдол цөөнгүй байна. Хөдөлмөрийг шударгаар үнэлэхгүй байх, амралтын өдөр ажиллуулах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхгүй байх, өсөж дэвших боломж олгохгүй байх, нас хүйсээр ялгаварлах зэрэг асуудал ажлын байран дээр өнөө ч түгээмэл байна. Энэ бүхэн бол ердийн нэг “ажлын байрны хүндрэл” бус хүний эрхийн зөрчил юм. 

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчдод хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, илүү цагийн урамшуулал олгох, ажил хөдөлмөрийг нь шударгаар үнэлэх зэрэг үүрэг хүлээлгэдэг. Гэвч хуулиа хэрэгжүүлэхгүй, ажилтныхаа эрх ашгийг зөрчдөг байгууллагууд байсаар байна. 

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо”-ноос төрийн өмчит зургаан компанид хүн төвт дизайн арга зүй ашиглан ажилтнуудаас санал, хүсэлт авчээ. Судалгаанд хамрагдсан ажилтнууд ажлын байран дахь бодит туршлага, тулгардаг асуудлаа илэн далангүй, нээлттэй хуваалцсан байна. Эдгээрээс хамгийн түгээмэл, олон дахин давтагдсан 12 тохиолдлыг хүргэе.

Жишээ 1: Би шинийг санаачлах хүсэлтэй залуу ажилтан. Ажилдаа дуртай, чин сэтгэлээсээ ч хийдэг. Хэрэв намайг сонсдог байсан бол илүү сайн санаа дэвшүүлж, хэрэгжүүлэх боломж байлаа. Даанч манай компанид асуудлаа нээлттэй ярилцдаг соёл байдаггүй. Уг нь үзэл бодлоо айхгүй илэрхийлэх нь хүний үндсэн эрхийн нэг юм. Хэрэв асуудлаа нээлттэй ярилцдаг орчин бий болбол хамтын ажиллагааг дэмждэг, шударга хөдөлмөрийн нөхцөлийг бүрдүүлнэ гэж бодож байна.

Жишээ 2Манай ажил дээр бусдын хувийн орон зайг хүндэтгэх соёл байдаггүй. Хүний нэр төр, хувийн орон зайд халдахгүй байх нь хүний эрхийн суурь зарчим. Гэтэл ажлын байран дээр энэ зарчим хамгийн ихээр зөрчигддөг нь харамсалтай байна.

Жишээ 3Стресс тайлах орчныг бий болгоосой. Өдөр бүр сэтгэлзүйн хувьд дарамттай ажиллах үнэхээр хэцүү байдаг. Үүнийг дагаад ажилдаа төвлөрч чадахгүй ажлын бүтээмж буурдаг. Байгууллагууд ажилтнуудынхаа сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалдаг, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаараасай. Энэ чинь ажил олгогчдын үүрэг шүү дээ.

Жишээ 4Би олон байгууллагад ажиллаж үзсэн. Ихэнх компани ажилтнуудаа сонсдоггүй. Санал, бодлоо хэлэхэд хүлээж авах хүн бараг байдаггүй. Ажилтнуудаа сонсож, санааг нь хэрэгжүүлснээр илүү үр дүнд хүрэх боломжтой гэж боддог. Нөгөө талаар ажилтнуудын идэвх оролцоо ч нэмэгдэж, өөрсдийнхөө үнэ цэнийг мэдэрнэ.

Жишээ 5Өнөө үед ч гэсэн ажлын байрны дарамт байдгийг мэдээд их гайхсан. Байгууллага гэдэг чинь ёс зүйтэй, хамт олныхоо үнэ цэнийг хамгаалдаг байх ёстой шүү дээ. Тиймээс ажлын байран дээр дарамтгүй, тайван, харилцан хүндэтгэлтэй орчин бий болоосой гэж хүсдэг. Эцсийн эцэст бидний эрхийг хэн ч зөрчих ёсгүй.

Жишээ 6Сайн хийсэн ч, муу хийсэн ч яг адилхан үнэлэгдэж, ижилхэн цалин авч байгаад үнэхээр урам хугардаг. Цалин маань шударга, бүтээмж, ур чадвартай минь уялддаг байгаасай. Хөдөлмөрийнхөө үнэ цэнийг мэдэрмээр байна.

Жишээ 7Би барилгын салбарт ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлсэн. Өнөөдрийг хүртэл чанартай хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслээр хангадаг байгууллагатай тун цөөхөн таарсан. Хэрэв стандарт шаардлагад нийцсэн, чанартай хувцас, хэрэгслээр хангаж өгвөл осол, гэмтэл гарах эрсдэл багасна. Энэ бол загварлаг хувцасны тухай биш, харин амьд мэнд үлдэх, эрүүл саруул байх, ажилтныг хүн гэж үзэх тухай асуудал.

Жишээ 8Би жирэмсний амралтаа авчихаад ажилдаа эргээд орсон. Гэтэл шинэ стандарт, технологи нэвтэрчихсэн болохоор мэдэхгүй, ойлгохгүй зүйлс их гарч байдаг. Тэр бүрд зааж, хэлэх хүн байхгүй учир ажиллахад хүндрэлтэй байна. Над шиг олон ээжүүдийг дэмжиж, шаардлагатай бол сургалт орж чиглүүлээсэй гэж хүсэж байна. Жирэмсний болон хүүхэд асрах амралтаа авсан ажилтанд мэргэжлийн ур чадвараа хадгалах, эргэж ажиллахад бэлдэх боломж олгох нь маш чухал санагддаг.

Жишээ 9Бизнес ба Хүний эрхийн сургалтад би биш дарга маань сууж, суралцсан ч болоосой. Удирдлагын хүний эрхийн мэдлэг сайжирч байж байгууллагын соёл өөрчлөгдөж, суурь үнэт зүйл тогтож эхэлнэ шүү дээ.

Жишээ 10Ямар ажил хийж байгаагаас үл хамааран хүн бүрийг ижилхэн хүндэтгэж, нэр төрд нь халдахгүй байх ёстой. Гэтэл “хар ажилчин” гэж ялгаварлаж харьцах тохиолдол их гардаг. Би ажлаа шударгаар хийж, үнэнчээр хөдөлмөрлөж яваа. Тийм болохоор хөдөлмөрийг минь үнэлж, хүндэтгэлтэй хандаасай гэж хүсдэг. Удирдлагууд маань өөрчлөгдөж, биднийг адилхан хүн гэдэг үүднээс хандах ёстой.

Жишээ 11Эмэгтэй болохоор, залуухан болохоор туршлагагүй, чадахгүй гэх тогтсон хуучирсан үзэл одоо ч байсаар байна. Нас, хүйс, гарал, угсаагаар ялгаварлан гадуурхахгүй байх нь хөдөлмөрийн тэгш оролцооны суурь зарчим. Гэтэл ийм хандлага маш их байна. Би өөрийнхөө хийсэн ажил, чадвараа шударгаар үнэлүүлмээр байна.

Жишээ 12Би дулааны цахилгаан станцад ажилладаг. Манай ажлын байр эрүүл ахуйн шаардлагад нийцдэггүй, маш хүнд нөхцөлтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан, эрүүл орчинд ажиллахыг хүсэж байна. Энэ бол хүний хөдөлмөрлөх эрхийн үндсэн зарчим шүү дээ.

Дээрх тохиолдлууд зөвхөн төрийн өмчит эдгээр компанийн асуудал биш юм. Харин төрийн, хувийн хэвшлийн гэлтгүй бүхий л байгууллагад хамааралтай, байгууллага бүрийн анхаарах ёстой хүний эрхийн орчны бодит тусгал юм. Нөгөө талаар энэхүү ажилтнуудын дуу хоолой нь шүүмжлэл бус өөрчлөлтийн эхлэл болох боломжтой. Удирдлагууд болон хүний нөөцийн багт энэхүү мэдээлэл нь байгууллагадаа хүний эрхийг бодитоор хэрэгжүүлэх, ажилтны сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хамтын үнэ цэн бий болгох бодит санаа сэдэл болохоор байна. Хүний эрхийг хүндэтгэдэг байгууллага бол ажилтнууддаа итгэж, тэднийг сонсож, шударга хандаж чаддаг. Ийм байгууллагад ажилтнууд нь өөрийн оролцоогоо мэдэрч, санаачилгатай ажиллаж, байгууллагын хөгжилд чин сэтгэлээсээ хувь нэмрээ оруулдаг. Тиймээс байгууллага бүр хүний эрхийн бодлогоо үйл ажиллагаа болон өдөр тутмын харилцаандаа шингээж, ажилтнуудаа хүндэлдэг, итгэдэг соёлыг төлөвшүүлэх нь чухал. Хүн төвтэй байгууллага гэдэг бол уриа үг төдий биш харин хамтын үнэ цэнийг бүтээх цорын ганц зам юм.

Майнинг Инсайт сэтгүүл, Аравдугаар сар, 2025 №10 (047)