Мэргэжлээс шалтгаалсан өвчин гэнэт үүсдэггүй: Яагаад 35–54 насанд “ил гарч” ирдэг вэ?

40 гаруйхан насандаа “Гараа даахаа больчихлоо”, “Нуруу чилж өвдөөд болохоо байлаа” гэх үгсийг уншигч та олонтаа сонсож байсан биз ээ. Ихэнхдээ үүнийг ядаргаа, стресс хэмээн өөрөө болон эргэн тойрныхон нь оношилж, тоохгүй явсаар архагшуулж удаах нь бий. 

Гэтэл бодит байдал дээр энэ нь 10-20 жилийн ажил хөдөлмөрийн хуримтлагдсан үр дагавар байх нь элбэг. Үүнийг мэргэжлээс шалтгаалсан өвчин гэж томьёолдог.  

Мэргэжлээс шалтгаалсан өвчин (МШӨ) гэдэг нь:

  1. ажлын байрны тоосжилт, дуу чимээ, доргион 
  2. хүнд болон давтамжтай хөдөлгөөн, буруу байрлал
  3. химийн бодис, халуун, хүйтэн орчин

зэрэг хүчин зүйлд удаан хугацаанд өртсөний улмаас үүсдэг архаг өвчлөлийг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл, гэнэт үүсдэггүй, олон жилийн ажил хөдөлмөрийн хуримтлагдсан нөлөөллийн үр дагавар юм.

Тоо баримт юу хэлж байна вэ?

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн газраас 2000-2024 онд мэргэжлээс шалтгаалсан өвчний шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын статистик үзүүлэлтийг гаргажээ. Уг үзүүлэлтээр шинээр бүртгэгдсэн 3938 тохиолдол гарсан байна. Үүнийг насны бүтцээр харвал дараах байдалтай байна. 

40-44 насанд 30.4 хувь 

45-49 насанд 27.2 хувь 

35-39 насанд 18.5 хувь 

Өөрөөр хэлбэл нийт тохиолдлын 76 орчим хувь нь 35-49 насанд илэрч оношлогджээ. 29-өөс доош болон 60-аас дээш насанд бараг бүх хугацаанд нэг оронтой тоогоор бүртгэгдсэн нь маш том ялгаа юм. 

График 1. “МШӨ -насны бүтцийн өөрчлөлт (2000–2009, 2010–2019, 2020–2024)”

Яагаад заавал энэ насанд илэрдэг вэ?

Үүнийг “хуримтлагдсан нөлөөллийн үр дагавар” гэж тайлбарлаж болно. Учир нь 20-30 насанд ажиллах чадвар өндөр, ядрах нь бага, тоос, дуу чимээ, доргион мэдэгдэхгүй юм шиг санагддаг. Харин 30-40 насыг хуримтлал үүсэх үе гэж үздэг байна. Нэг байрлалд олон цаг ажиллах болон давтамжтай хөдөлгөөн хийх зэрэгт бага зэргийн бадайрал, чилэх шинж тэмдэг илэрч эхэлдэг. Гэхдээ үүнийг дээр дурдсанаар төдийлөн анхаарч, ач холбогдол өгөхгүй өнгөрөх нь түгээмэл. Тэгвэл 35-54 нас бол хуримтлагдсан нөлөөлөл ил гарч илрэх үе юм. Биеийн нөхөн сэргэх чадвар буурч, хуримтлагдсан нөлөөлөл өвчин болж ил гарна. Энэ үед л эмчид хандаж, МШӨ гэж оношлогддог байна. 

Үүнийг дараах график үзүүлэлтээс харж болно. 

2000-2009 онд 40-44 болон 45-49 насныхан давамгай байхад 2010-2019 онд мөн адил 40-49 насны бүлэг гол эрсдэлтэй хэвээр байна. 2020-2024 онд тохиолдол тооны хувьд буурч байгаа ч насны тархалтын хувьд ажиллах насны үндсэн бүлэг буюу 35–54 насанд төвлөрсөн хэвээр байна. Энэ нь МШӨ удаан хугацаанд нэг салбарт ажиллаж, ачаалал хуримтлуулсан дунд насныханд илүү их оношлогдож байгааг харуулж байна.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр 40 гаруй насанд илэрч буй өвчлөл бол 20-30 насандаа урьдчилан сэргийлэхэд анхааралгүй, анзааргагүй явсны “хариу үйлдэл” юм.

Өвчний бүтэц ч үүнийг баталж байна. 1970-1990-ээд онд МШӨ-ий дийлэнх нь амьсгалын замын өвчин байсан бол 2000 оноос хойш байдал эрс өөрчлөгджээ.

2020-2024 онд нийт өвчлөлийн 57.6 хувь нь мэдрэлийн тогтолцооны өвчин (G00–G99), 29.6 хувь нь амьсгалын тогтолцооны өвчин (J00–J99) байна. 

Ялангуяа, гар, мөр, хүзүү, нуруугаар дамжих мэдрэлийн дарагдлын хам шинж (G54) хамгийн олон бүртгэгджээ. Энэ нь орчин үеийн хөдөлмөр биеийн гэхээсээ илүүтэй мэдрэлийн ачаалал ихтэй болсныг харуулж байна.