Codelco, Rio Tinto гүний уурхайн инновацын чиглэлээр хамтран ажиллана

Э.ОД

Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Чилийн төрийн өмчит Codelco корпораци, Англи-Австралийн үндэстэн дамнасан Rio Tinto групп гүний уурхайн зураг төсөл, бүтээн байгуулалт, ашиглалтад хуримтлуулсан туршлагад чиглэсэн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Хамтын ажиллагааны хүрээнд ESG, аюулгүй ажиллагаа, технологи, бүтээмж, гүний уурхайн тоног төхөөрөмжийг цахилгаанжуулах талаар харилцан мэдлэг, туршлага хуваалцана.

Газрын гадаргад ойрхон ашиглаж буй ордуудын хүдрийн агуулга буурч буй бөгөөд илүү гүнд ажиллах боломжийг олгох технологийн дэвшил нь ирээдүйд уул уурхайн олборлолт үндсэндээ далд аргаар явагдах болно гэдгийг харуулж байна. Түүнчлэн, гүний уурхайн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл багассан ба байгалийн таталцлын хүчийг ашиглан блокчлон олборлох боломжтой болсон” хэмээн Codelco компанийн инновацын менежер Фелипе Лагно тайлбарлажээ. 

Гэрэл зураг: Оюутолгойн гүний уурхай

Энэ аргыг Chuquicamata, El Teniente төслийн уурхайд хэрэгжүүлж асар их, үнэ цэнтэй туршлагыг Codelco хуримтлуулсан юм. Rio Tinto-ийн хувьд Монголд Оюутолгой төслийн гүний уурхайн олборлолтыг эхлүүлж байна.

Зэс нь дэлхийн эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчгүйжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх металл юм. Ирэх 25 жилийн хугацаанд дэлхий дахинд сүүлийн 6000 жилд олборлосон зэстэй тэнцэх хэмжээний зэс хэрэгтэй болно гэсэн тооцоо бий.

"Codelco, Rio Tinto байгуулсан гэрээ нь зэсийн салбарт тэргүүлэгч компаниудын шилдэг туршлагыг нэгтгэж, ESG шалгуурын дагуу дэлхийн зэсийн эрэлтийг хангах боломжийг олгох зорилготой” гэж Чили дэх Rio Tinto группын суурин менежер Соледад Жериа ярьжээ. Хэлэлцээрийн өөр нэг тал нь ESG шалгуураар нүүрстөрөгчгүйжүүлэх ажлыг компани бүр харилцан хүлээн зөвшөөрч, амлалт өгөх явдал. Өөрөөр хэлбэл, Codelco болон Rio Tinto уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санаачилгыг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа тул гүний уурхайн тоног төхөөрөмжийг цахилгаанжуулах ажлыг тус гэрээнд хамруулах боломжтой гэжээ.
Гэрэл зураг: Chuquicamata уурхай

Codelco нь 2018 оноос хойш үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, барилгын болон боловсон хүчний тээвэрлэлтийг цахилгаанжуулах туршилтуудыг эхлүүлсэн салбартаа анхдагч юм. Хамгийн сүүлд El Teniente төслийн уурхайд туршилтыг үргэлжилж байна. Харин Rio Tinto нь Юта мужийн Кеннекотт дахь салбартаа 18 тонн батарей бүхий Sandvik LH518B болон 50 тонн батарейны Z50 ачааны машиныг туршиж байгаа аж.