Өнгөрсөн онд “Их 20”-ийн гишүүн 19 улсын Засгийн газар нүүрс, чулуужсан түлшинд 693 тэрбум ам.долларын татаас дэмжлэг үзүүлсэн нь Парисын хэлэлцээрийн зорилтод хүрэх ахиц дэвшлийг удаашруулж байна гэж BNEF тайланд онцолжээ. “Их 20” орнуудын чулуужсан түлшний хөрөнгө оруулалт 2016 онд 4.1 хувь байсан бол өнгөрсөн онд 2.9 хувь болж буурчээ. Гэсэн хэдий ч тус орнуудын Засгийн газар нийт 20 тэрбум ам.долларын дэмжлэг хэвээр байна.
2021 онд дэлхийн хэмжээнд нүүрсний үйлдвэрлэлийн зардал санхүүжилт 16 хувиар нэмэгджээ. Энэхүү огцом өсөлт нь эдийн засгийн сэргэлт, эрчим хүчний хямрал болоод хэрэглээ ихэссэнтэй холбоотой биш. Учир нь өнгөрсөн оны нийт эрчим хүчний хэрэглээ 2016 онтой харьцуулахад 5 хувиар өссөнийг тайланд тэмдэглэсэн байна.
“Их 20”-оос нүүрсний үйлдвэрлэлийг дэмжиж буйгаар Хятад тэргүүлж байгаа бол Саудын Араб, Аргентин, Канад улс сүүл мушгиж буй. Дэлхийн уур амьсгалын бодлогын баримт бичигт “Их 20” гишүүн орон бүр чулуужсан түлшийг дэмжихээ зогсоох, утааны үнийг тогтоох, уур амьсгалын эрсдэлийг ил тод болгох гэсэн үндсэн гурван бодлогын чиглэлээр гаргасан ахиц дэвшлийг үнэлдэг. Гэвч тухайн улсын Засгийн газрууд чулуужсан түлшинд татаас өгсөөр байгаа нь амлалтаасаа ухарч, нийгмийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж, уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн муу нөлөөллөөс зайлсхийх боломжийг хясаж байгаа гэж НҮБ-ын уур амьсгалын элч төлөөлөгч үзжээ.
Дэлхий дахинд нүүрсний хөрөнгө оруулалт, Засгийн газруудын дэмжлэг татаасыг үе шаттайгаар зогсоох асуудал “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт, COP26 чуулганаар хурцаар яригдаж, улс орны амлалтуудыг багтаасан.