А.ДАЛАНГУРАВ: Хил гаалийн менежментийг сайжруулахгүйгээр нүүрсний экспорт нэмэгдэхгүй

"Саусгоби Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал А.Далангуравтай Mining Insight-ийн Б.Баяртогтох ярилцлаа.

Танай компани өнгөрсөн онд хэдий хэмжээний нүүрс олборлож, хэдийг нь экспортолсон бэ? Энэ онд олборлолт, экспортын төлөвлөгөө өнгөрсөн жилтэй харьцуулахад нэмэгдэхээр байна уу?

Манай компани 2019 онд 3.7 сая тонн нүүрс экспортолсон. 2020 онд КОВИД-19-ийн улмаас 2.72 сая тонныг гаргасан. Өнгөрсөн онд 1.1 сая орчим тонн болж, БНХАУ-ын “Ковид”-ын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбоотойгоор жил дараалан экспортын хэмжээ хумигдлаа. 2021 оны аравдугаар сараас хил хаагдаад энэ оны тавдугаар сард л нээгдлээ. Энэ гурван сард манай компани дөнгөж 200 гаруй мянган тонн нүүрс гаргаад байна. Экспорт эрс багассан нь бидний хувьд том асуудал болж байна. Шивээхүрэнгийн боомт 2019 онд хамгийн сайн ажилласан буюу 12 сая гаруй тонн нүүрс гаргаж байлаа. Үүнийг 25 сая тонн болгоно гэж нэлээд яригдсан. Нүүрсний нөөц нь байна, 25 сая хүртэл олборлох хүчин чадал нь байна. Даанч хил дээр гацчихдаг. Үүнийг компаниуд дангаар шийдэж чадахгүй.

Экспортыг нэмэгдүүлэхийн тулд таны үзэж байгаагаар ямар алхам хийх ёстой вэ?

Цар тахлаас болоод хүн хоорондын харилцаа үүсгэхгүйн тулд чингэлэг тээврээр нүүрс явуулдаг боллоо. Өдөрт 210 хүрэхгүй машин явж байгаа нь өмнөх жилүүдтэй харьцуулахад хаана нь ч хүрэхгүй. Бидний хувьд тулгарч буй хамгийн том асуудал бол хилийн боомтын нөхцөл байдал. Хил гаалийн менежмент, хил нэвтрэх аргачлалыг сайжруулахгүйгээр КОВИД-19-ийн нөлөө арилсан ч нүүрсний экспортын одоогийн хэмжээг нэмэгдүүлж чадахгүй, хүндрэл хэвээр үргэлжилнэ. УУХҮЯ үүссэн нөхцөл байдлыг маш сайн мэдэж байгаа. Тоо хэмжээг нэмэгдүүлэх хүсэл ч байна.

Монголын төр засгаас урд хөрштэйгээ албан ёсны уулзалт, яриа хэлэлцээ хийж байгаа ч дээрх асуудал шийдэгдэхгүй өдий хүрлээ. Хэрэв хоёр улс хил, гаалийн талаас учраа олоод, хил нэвтэрдэг хаалганыхаа тоог нэмж чадвал боломж нэмэгдэнэ. 

Компаниуд дангаар шийдэж чадахгүй хоёр том асуудлын нэг нь энэ. Хоёр дахь асуудлын хувьд Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх ёстой. Компани төлөхөөс хэзээ ч цаараглаж байгаагүй. Гол нь жишиг үнэ дээр асуудал үүсдэг. Манай компанийнх гэхэд дандаа эрчим хүчний нүүрс. Нэг тонн нь 200 гаруй юань байдаг. Гэтэл жишиг үнийг авахдаа Хятадын дотоодын нутгийн гүн дэх үнийг үндэслэдэг. Хятадын зах зээлийн үнэ мэдээж өндөр шүү дээ. АМНАТ-өөр бид 5 хувиар татвар төлөх ёстой ч жишиг үнээр бодохоор бодит байдал дээр 10-20 хувийн татвар төлж байна. “Монгол нүүрс ассоциаци” энэ асуудлаар Засгийн газар, Сангийн яам, Захиргааны шүүхэд хүртэл хандсан ч шийдэгдэхгүй л явна.

Энэ сард Засгийн газраас нүүрсний ангиллыг шинэчлэн баталсан. Ингэснээр жишиг үнэ, АМНАТ тооцоход нааштай өөрчлөлт гарах болов уу?

Тийм ч сайн өөрчлөлт хараахан гараагүй байна. Зарим үед нүүрсний үнэ хямд үед татвар төлсний дараа компани ямар ч ашиггүй болдог. Борлуулалтын эсвэл гэрээний үнээр тооцвол хамаагүй бодитой.

Энэ жилийн хувьд 200 гаруй мянган тонн нүүрс гаргаад байгаа юм байна. Цаашид яаж ажиллах бодолтой байна вэ?

Он дуусахад дөрвөн сарын хугацаа байна. Сардаа 200 мянган тонныг гаргаж чадахгүй байгаа болохоор энэ жил манай компанийн экспорт хамгийн сайндаа 1 сая тонн болно. Өнгөрсөн жилүүдээс хамгийн бага экспорт хийсэн жил болох байх. Экспорт хийсэн хугацаа нь богино, тээвэрлэлт хүндрэлтэй хэвээр байна. Хилийн боомтын тээвэр дээр бас нэг асуудал бий. Хятадын талаас цагаан хуудас гэж зөвшөөрөл өгдөг. Тэрийг шинээр олгодоггүй. Монголын талаас С зөвшөөрөл олгодог. Хил нэвтрэхэд надтай сайн харьцвал машиныг чинь явуулна гэх мэтийн хүний оролцоо, нөлөөтэй зүйл багагүй ажиглагддаг. Үүнийг энэ олон зөвшөөрлөөс илүүтэй зах зээлийн зарчмаар нь зохицуулж болмоор санагддаг. Машинтай хүмүүс нь тээвэрлэх нүүрс байхгүй, эсвэл зөвшөөрөл байхгүй. Нүүрсний уурхайнууд нь тээвэрлэе гэхээр зөвшөөрөлтэй машин олдохгүй. Хоёр талдаа ийм асуудал гардаг. Машин нэвтэрдэг хаалганыхаа тоог нэмээд, тээврийг зах зээлийн зарчмаар нь явуулбал экспорт эрс нэмэгдэнэ. 12 сая тонныг амархнаар 20 саяд хүргэх боломжтой.

Танайд хуримтлагдсан нүүрс байгаа юу?

Байгаа. Бид нөөц гэж нэрлэдэг. Тавдугаар сард 900 гаруй мянган тонн байсан, одоо борлуулахад бэлэн 600 гаруй мянган тонн байна. Үүнийгээ гаргахгүй бол нүүрс байгалийн нар, салхинд удах тусмаа илчлэг чанараа алддаг. Хийснэ, хатна, барьцалдах чадвар нь мууддаг тул борлуулахад хүртэл үнэ буурна.

Хөдөлмөрийн тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор танай компанийн үйл ажиллагаанд ямар өөрчлөлт гарч байна вэ?

Багагүй асуудал дагуулж байна. Нэгдүгээр сараас хэрэгжсэн уг хуулиар уурхайн ажилчид уртын ээлжинд 14 хоног ажиллана гэж заасан. Хувь хүний хувьд хэлэхэд 14 хоног ажиллаад, 14 хоног хийх юмгүй гэртээ дээшээ харж хэвтэх амаргүй л санагддаг. Нөгөө талаар уурхай ажилласан цагаар цалинг тооцдог. Үүнээс болоод ажилчдын орлого 30-40 хувиар буурч байна. Энэ нь ажил хийж байгаа хүнээ бодсон шийдвэр яг мөн үү. Цалин нь 30 хувь буурчихаар ар гэрээ яаж тэжээх билээ. Арга буюу хоёр дахь ажлын эрэлд гарахад хүрч байна. Уурхайн ажил хүнд хүчир гэж хүмүүс ярьдаг нь үнэн. Гэхдээ уурхайн ажлын дийлэнхийг техникээр хийж гүйцэтгэдэг. Улаан гараараа хийдэг ажил биш. Тиймээс үүнийг хүнээ бодсон, нарийн тооцож шинжлэх ухаанчаар хандсан шийдвэр гэж үзэхэд хэцүү. Манай компанийн хувьд 21 хоногийн ээлжээр ажиллахад 100 хүн ажилладаг. Гэтэл 14 хоногийн ээлжтэй болчихоор нэмээд 30-40 хүн нэмж авах хэрэгтэй болсон. Мэдээж цалин хөлс нэмэгдэнэ, тээврийн зардал гарна гээд компанийн өртөг нэмэгдэж байна. Хөдөлмөрийн хууль бол хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах хууль. Гэтэл яг 14 хоног гээд хатуу хуульчилчихаар ажилчдын орлого, компанийн үйл ажиллагаа гээд аль алинд нь амаргүй шийдвэр гарчихлаа.

Цалингийн системд үүнтэй холбоотой ямар өөрчлөлт гарав?

Компанийнхаа менежментийг хийдгийн хувьд хоёр зүйлийг анхаардаг. Нэгдүгээрт, компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж, аль болох ашигтай ажиллах, ашгаа нэмэгдүүлэх ёстой. Хоёрдугаарт, ажилчдын эрх ашиг яригдана. Түүнд эрүүл мэнд, цалин хөлс гээд олон зүйл багтана. Манай компани зургаа дугаар сард судалгаа явуулсан юм. Тэгээд зөвхөн уурхай дээр 14 хоногоор ажиллаж байгаа хүмүүстэйгээ уулзаад цалинг нь нэмсэн.

Шинэ Хөдөлмөрийн хуулиар алдсан цалинг бид 30 орчим хувиар нэмж өгсөн.

Энэ бол компанийн нөхцөл байдлаа харсан шийдвэр. Уурхайн ажилчид маань баяртай байгаа. Өмнө нь ажлаас гарсан хүмүүс эргэж орох хүсэлтэй болсон. Миний мэдэж байгаагаар тэр хавьд зөвхөн манай компани ийм арга хэмжээ авсан.

Боомтын шинэчлэлийг эрчимжүүлэхэд танай компани хэрхэн дэмжиж оролцох вэ?

Тэр хавийн МАК, “Өсөх зоос” гээд компаниуд хамтран чингэлгээр дамждаг бааз буюу терминал хийж байгаа. Үүн дээр бараг л компани шахуу юм байгуулаад, өөрийн эзэмшлийн хувь хэмжээгээр хөрөнгө мөнгөө гаргаад явж байна. Өнгөрсөн намар эхэлсэн ч одоо болтол дуусаагүй, ерөнхийдөө их удаан явж байна. Санаачилга нь зөв ч хэрэгжихэд хэцүү. Уг нь одоо бидний хийж буй AGV-ээс ART нь хамаагүй дээр. Ухаалаг тээврийг Хятадын том компаниуд далайн боомт дээр маш түгээмэл ашиглаж байна. Үүнийг хүлээж аваагүй, өөр технологи авсан. Тэр нь зам дээр гэрлүүд тавьж, тэр дотроо явдаг. Уг нь ART ухаалаг учраас ийм зүйл хэрэггүй байсан. 5G дээр ажиллаад хаашаа явж хүргэж байгаагаа өөрөө тооцоолчихно. Гэтэл одоогийн шийдлээр тоо хэмжээг нэмэгдүүлж чадахгүй, маш хязгаарлагдмал болчихоод байгаа. Тиймээс бид хил дамнасан төмөр зам тавья гэсэн санал гаргасан. Гэтэл өргөн, нарийн царигийн асуудалтай тулгардаг. Уг нь Шивээхүрэнгийн цаана Хятадын талаас төмөр зам нь яг хил дээр ирчихсэн. Хоёрхон километрийн цаана байгаа. Тэрийг татаж оруулж ирээд зөвхөн нүүрс ачдаг болгож болно. Гэтэл хуулийн талаасаа тодорхой биш. Хоёрдугаарт Хятадын талтай учраа олох хэрэгтэй болно. Ямар ч байсан таван компани нийлээд Хятадын цаана ирчихсэн төмөр замыг наашаа оруулах гэтэл манай хамтарч байгаа компаниудын яриагаар хилийн хуулийн дагуу хилийн шугамын 5 км-т хийх ёстой гэсэн. Тэрнийхээ дагуу төмөр зам татъя гээд хөөцөлдөж байгаа ч одоогоор тодорхой болсон зүйл алга. Нүүрс авах сонирхолтой Хятадын маш олон компани байна. Гэтэл хилийн боомт дээрээ гацдаг. Хятад улс сүүлийн жил гаруйн хугацаанд эрчим хүчний нүүрсний маш их дутагдалтай байлаа. Зах зээл гэвэл Монголын нүүрс болон уул уурхайн бүтээгдэхүүнүүд зөвхөн Хятадын зах зээл рүү орж байна. Улс орнуудын харилцаанаас үүдэн, янз бүрийн бэрхшээл бас боломжууд ч гарч байна. Тухайлбал Хятад, Австралийн харилцаа муудсан нь Монголын нүүрсэнд их боломж гаргаж ирсэн. Монгол Улс энэ цаг үеийг сайн ашиглаасай гэж боддог. Нэгдүгээрт үнэ маш өндөр байна. Их хэмжээгээр авъя гэж байна. Нүүрсээр эрчим хүч гаргаж байгаа энэ байдал 40-50 жилийн дараа огт өөр болно шүү дээ. Өөр шинэ эх үүсвэрээс эрчим хүч гаргадаг болно. Тийм учраас энэ үеийг л сайн ашигламаар байна. Миний мэдэхээр энэ бол ойрын хэдэн жил тохиож байгаагүй боломж. Бараг 10 гаруй жилийн өмнө, намайг нүүрсний салбарт ажилладаггүй байхад Хятадад хоёр талын нүүрсний компаниудын уулзалт болсон юм. Тэр үед би анх Монголын нүүрсний талаар мэдээлэл авч байлаа. Тухайн үед өнгөт металл буюу зэс, цайрын салбарт ажиллаж байв. Тэр хурал дээр зарим хүмүүс Хятад Улс үнээ албаар дарсан гэж ярихад нь үнэхээр л тийм юм байх гэж бодсон. Монголын нүүрс чанарын хувьд болж байгаа ч тээврийн зардал өндөр. Монголын нүүрс үнэд хүрэхгүй байгаа нь тээвэр дээрээ унаад байгаа юм. Аль 10 гаруй жилийн өмнө үүнийг ярьж байсан нь одоо яг хэвээрээ. Тээврийн зардлын өртөг өндөр байгаа нь машинаар тээвэрлэдэг, шороон замаар удаан хугацаа зарцуулдагтай холбоотой. Бас шороон замаар явахаар машин амархан эвдэрнэ, дизель их хэрэглэнэ зэрэг асуудлууд яригдаж байлаа. Тухайн үед миний гаргасан дүгнэлтээр Монголын нүүрс Монголдоо 300-400 км явж хил давна. Цаашаа 2000 орчим км дандаа машинаар тээвэрлэхээр өртөг ихтэй. Гэтэл Австралийн угаасан сайхан нүүрс усан онгоцоор ирнэ. Нэг буулгахдаа бараг 100 мянган тонн, түүнээс ч дээш ирнэ. Ногдох өртөг маш бага. Боомт дээр ирээд буулгахад хэрэглэдэг цахилгаан станцдаа хамаагүй ойр ирж байгаа. Хятадын зах зээлд Монголын нүүрс Австралийн нүүрстэй өрсөлддөг байсан. Монголын нүүрсний хэрэгцээ зүүн урд хэсэгтээ л байдаг. Ийм нөхцөлд Хятад үнийг дарж байна гэдэг нь маш ташаа ойлголт болж байгаа юм. Яагаад гэвэл Монголын нүүрс угаагаагүй. Монголын нүүрс Австралийн угаасан нүүрстэй өрсөлдөж байгаагаа харах ёстой гэж бодож байлаа. Гэтэл өнөөдөр 10 жил өнгөрчихөөд байхад яг тэр хэвэндээ байна. Цар тахал гээд эдийн засгийн нөлөө асар том байсныг үгүйсгэхгүй. Монголын эдийн засгийг хөгжүүлье, нүүрсээ их гаргая гэвэл тээврийн зардлаа багасгах ёстой. Засаг төр, ард иргэд үүнийг одоо ойлгож байна. Жаахан оройтсон ч ойлгоод хийе гэвэл болохоор харагдаж байна. Иймээс бидний таван компани нийлээд терминал байгуулахаар зорьсон.

Хятадын зах зээлд Монголын нүүрс эрэлттэй байгааг ашиглах хэрэгтэй. Засгийн газраас дипломат шугамаараа ярьж байгаа юм байна гэж ойлгосон.

Олборлолтоос боловсруулалт, боловсруулалтаас борлуулалт гэсэн уул уурхайн бодлого хэрэгжиж эхэлж байна. Миний хувьд Монголын уул уурхайн салбарт 30 орчим жил ажиллаж байна. Энэ туршлагаасаа харахад асуудалд тооцоо судалгаатай хандаасай гэж боддог. Хятад Улс 1980-аад онд эдийн засгийн шинэчлэл хийж, олон улстай харилцаагаа тэлж байх үедээ нүүрс, зэсийн баяжмал, цайр гээд уул уурхайн түүхий эдээ зарж байсан. Одоо бол зарахгүй, өөрийн хэрэгцээгээ хангаж дийлэхгүй байна. Эхлээд баяжмал зардаг байснаа боловсруулдаг болсон. Дараа нь металл болгоод хайлуулдаг болсон. Одоо Хятадад байгалийн баялгаа, бүр элсээ ч экспортлохоо больсон. Монгол Улс ч гэсэн нэлээд олон жил эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж ярилаа. Энэ бол зөв. Индонез зэсийн баяжмал их гаргадаг. Өөрийн бүтээгдэхүүнийг үнэд хүргэхийн тулд заавал металлургийн үйлдвэр барьж гаргана гэдэг. Тэгэхгүй бол 20-30 хувийн татвар төлнө. Тиймээс компаниуд түүнд нь шахагдаад металлургийн үйлдвэр барьдаг. Тиймээс Монголын байгалийн баялгийг түүхийгээр биш, нэмүү өртөг шингээж гаргах талаар яриад зогсохгүй төр засаг зохицуулалт хийх хэрэгтэй гэж боддог. Хамгийн зөв арга нь татвар юм. Нүүрсээ түүхийгээр гаргавал 20 хувийн татвар төл гэчихвэл компани ашгаа бодоод аяндаа үйлдвэр байгуулна. Тиймээс экспорт хийхдээ судлах хэрэгтэй. Бодлогоор л энэ бүгдийг хэрэгжүүлнэ. Монголд эцсийн бүтээгдэхүүнийг дэмжинэ гээд яриад байгаа. Гол нь тэр дэмжлэгээ татвараар дамжуулж зохицуулалт хийх хэрэгтэй. Түүхийгээр гаргавал татвар төл, хэрэв угааж гаргавал татварын урамшуулал үзүүлнэ гэвэл компаниуд тооцоолж үзээд аль болох угаахыг бодно. Энэ нь Монголд ашигтай.

Компанийн зүгээс угаах болон баяжуулах, нэмүү өртөг шингээх чиглэлд ямар ажил төлөвлөж байна вэ?

Би энэ компанидаа ажиллаад хоёр жил болж байна. Манайх хуучин угаах үйлдвэртэй байсан. Түүнийгээ шинэчлэн, хөвүүлэн баяжуулах тоног төхөөрөмж тавьж байна. Зарим нарийн ширхэгтэй нүүрс шавраа дагаад хаягддаг. Тэр нь бараг 10 орчим хувьд хүрдэг. Хөвүүлэн баяжуулснаар тэр арван хувиа алдахгүй авах боломжтой. Нөгөө талаар Хятадын зах зээлд эрчим хүчний нүүрсэнд илчлэгийн чанарт тийм ч өндөр шаардлага тавьдаггүй. 4800 орчим ккал байдаг. Бид угаагаад 6000 хүргэдэг. Түүнээс гадна манай нүүрсэнд 15 хувийн чулуу явдаг. Тээврийн зардлаас гадна тэр чулууны төлөө бид АМНАТ төлдөг. Нэг ёсондоо муу нүүрсийг бид маш хямдаар зарж байна гэсэн үг. Бидний гаргах ерөнхий хэмжээ 3 сая тонн. Угаачихвал хэмжээ ижил ч үнэ нь өөр болно. Бидэнд ашиг хэрэгтэй тул нүүрсээ угааж баяжуулж гаргана. Манай нүүрсэн дотор маш бага хэсэг нь коксжих нүүрс байдаг. Бид ялгаж чадахгүйдээ эрчим хүчний нүүрсээ зараад байгаа юм. Эрчим хүчний нүүрсээ угааж цэвэрлээд коксон нүүрс болгоно. Энгийн нүүрс 200 юань бол кокс болгочихвол 700-800 юань гээд хамаагүй өндөр үнээр өгнө. Нэмүү өртөг нэмэхээс гадна нүүрсний жинхэнэ үнийг авах бодлого явуулж байна. Энэ жил эхлүүлсэн ажлаа ирэх жилд дуусгаад угаагаад баяжуулаад явна.

“Тэрбум мод” үндэсний санаачилгыг танай компани хэрхэн дэмжиж оролцож байгаа вэ?

Би ч бас монгол хүн. Байгаль сайхан байгаасай гэж боддог. Манай компани “Тэрбум мод” санаачилгыг маш их дэмжиж байгаа. Ерөнхийлөгч 20 гаруй компанитай мод тарих санамж зурахад манай компани 15 сая мод тарих амлалт авсан. Түүнийгээ хэрэгжүүлнэ. Манай уурхай Өмнөговь аймгийн Гурвантэс суманд хилээс 15 км зайтай байдаг. Хилийн цаад талд Хятад Улс 1980-аад оны эхнээс элсэн шуургатай тэмцэхийн тулд маш том ногоон бодлого явуулсан. Их ч туршлага хуримтлуулсан. Тиймээс хуурай говь нутагт яаж мод ургуулах талаар Хятадын мод үржүүлгийн олон газартай ярьсан. Эндээс Монголын говь нутагт тохирдог 6-7 төрлийн модноос сонголтоо хийж, есдүгээр сараас тарьж эхлэхээр төлөвлөсөн. Бид Өмнөговиос гадна бусад аймагт ч мод үржүүлэхээр газар авах хүсэлтээ тавьсан. Нүүрс тээвэрлэдэг замаа дагуулаад мод тарих төлөвлөгөө ч бий.

Монголын хөрөнгө оруулалтын орчинд Та ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?

Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар олон жил ярьж байна. Өнгөрсөн хавар Хөрөнгө оруулалтын нэг хурал болоход би Хятадын компаниудаа төлөөлж, саналаа хэлсэн. Хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж ярихдаа нэг зүйлийг огт ярихгүй орхигдуулдаг. Тэр нь орж ирсэн хөрөнгө оруулалтыг хэрхэн хамгаалах тухай асуудал юм. Монгол нээлттэй, ороод ир, дэмжинэ гэчихээд тухайн хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчийг хамгаалахгүй бол энэ нь яриа төдий. Хөрөнгө оруулалт хөрөнгө оруулалтаа л дагадаг. Үнэхээр хөрөнгө оруулалтын орчин сайн бол олон хөрөнгө оруулагч орж ирнэ. Монгол бүтэхгүй юм байна, манай танил шатсан гэнэ гээд яривал сөрөг сурталчилгаа болчихдог.

Ер нь Монголын нийгэм орж ирсэн хөрөнгө оруулалтыг тоодоггүй. Хууль эрх зүйн орчин талаасаа муу биш ч хэрэгжилт дээрээ асуудалтай.

Орон нутгийн засаг захиргаанд дэндүү их эрх мэдэл өгсөн. Наад захын жишээ нь лиценз байна. Төрийн агентлаг АМГТГ-аас холбогдох хууль журмын дагуу тусгай зөвшөөрөл аваад очоод үйл ажиллагаа явуулах гэхээр бидэнд хамаагүй гээд орон нутаг гацаадаг. Нэг хүнээр гарын үсэг зуруулаад ир гэнэ. Тэр хүн нь олдохгүй. Иймэрхүү байдал хөрөнгө оруулагчдыг залхаадаг.