УУХҮЯ: Ашигт малтмалын хайгуулын суурь судалгааны ажилд 5.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгажээ

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар салбарт хийгдэж буй ажлуудын талаар (2022.11.28) мэдээллээ. “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан төслүүдийн хэрэгжилтийг уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар ханган ажиллаж байгаа юм.

Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл 20 хувь, Оюутолгойн далд уурхайн барилга угсралт 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

“Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийн ТЭЗҮ, БОННҮ, Ерөнхий төлөвлөгөө батлагджээ. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэд Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төслийн БОННҮ хийх ажлын тендерийг (2022.11.16) нээн үнэлгээ хийж байна. Түүнчлэн, “Эрдэнэт” үйлдвэрийг урт хугацаанд түүхий эдийн нөөцөөр хангах зорилгоор стратегийн ордын хил зааг дотор өнгөт металлын хэтийн төлөвтэй нийт 99.5 мянган га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 6 тусгай зөвшөөрлийг олгосон. Улмаар геологи, хайгуулын ажлыг орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашигласны үр дүнд Эрдэнэт үйлдвэрийг цаашид 60 жил ашиглах боломжтой болжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн технологийн бус барилга байгууламжийн (EPC-1) барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй аж.

УУХҮЯ-ны зүгээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг үргэлжлүүлэн олгох ажлын бэлтгэлийг хангаж байна. Сүүлийн жилүүдэд зогсонги байсан хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг хэвийн явуулах хэрэгцээ шаардлага, түүнтэй холбоотой тулгамдаад буй асуудлыг судлан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан бол ҮАБЗ-өөс тусгай зөвшөөрөл олголтыг үргэлжлүүлэх тухай холбогдох зөвлөмж гарсан.

АМГТГ-ын даргын (2022.11.23) шийдвэрээр 25 талбайд сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зарласан. Сонгон шалгаруулалтын талбайн тоог зарлахдаа нийт тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримталж, өмнө хүчингүй болгосон, цуцалсан талбайн тоотой тэнцүү хэмжээгээр нэмж зарлах байдлаар үргэлжлүүлэх юм. Энэ оны эхний 11 сарын байдлаар, хуульд заасан үндэслэл бүрдсэн ашиглалтын 23, хайгуулын 24, нийт 47 тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Мөн хуульд заасан тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан 97 тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон байна.

Өнгөрсөн хугацаанд салбарын хэмжээнд гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд дотоод гадаадын хурал, үзэсгэлэнд оролцож хөрөнгө оруулалтын боломжуудын талаар хэлэлцэж, шийдлийг эрэлхийлэн УУХҮЯ ажиллаж байна. Энэ хүрээнд Австралийн Сидней хотноо болсон олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт IMARC-2022 оролцож, Монгол Улсын ашигт малтмалын хэтийн төсөл, хөрөнгө оруулалтын орчныг сурталчилсан үзэсгэлэн нээж, хөрөнгө оруулагчдын хуралд илтгэл танилцуулж, улс орнуудын Засгийн газар болоод хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулсан.

“Гадаад валютын албан нөөц нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах ажлыг бэлтгэж УУХҮЯ, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг байгууллагуудын төлөөлөл бүхий Ажлын хэсэг байгуулсан. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг 2023 оны эхний улиралд багтаан цахим биржээр арилжаалахаар төлөвлөжээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн экспортлох нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын төслийг боловсруулж байна. Хууль, тогтоомжийн тухай хуульд заасны дагуу яамдаас санал авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх аж.

Ашигт малтмалын хайгуулын суурь судалгааны ажлыг чанаржуулах, олон улсын шинэ-дэвшилтэт технологиор гүйцэтгэх зорилгоор улсын төсөвт 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилт суулгажээ.

Энэ хүрээнд геологийн суурь судалгаа, эрэл, хайгуулын салбарт нэвтэрсэн орчин үеийн шинэлэг арга, аргачлал, техник технологийг ашиглан Монгол орны зарим бүсэд үнэт, өнгөт, ховор металлын хэтийн төлөв тогтоох судалгааны ажлыг хийхээр төлөвлөжээ.

Салбарын хууль тогтоомжийг шинэчлэх, боловсронгуй болгох ажлын Хүнд үйлдвэрийн тухай хуулийн, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлж эхлээд байна. Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг төслүүдийг өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна.

Эх сурвалж: УУХҮЯ