Айлчлал: Монгол, Хятад улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ад албан ёсны айлчлал хийж (2022.11.27-28)байна. Айлчлалын хүрээнд Төрийн тэргүүн өнөөдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхжээ. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Хятад улсын дундаж чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоох эхний 100 жилийн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн тус улсын Коммунист Нам, Хятадын Засгийн газарт баяр хүргэж, сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглэсэн байна. Цаашид улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр улсын хөгжлийн бодлогын уялдааг хангах нь чухал болохыг онцолжээ. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны тодотгон хэлснээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал Монгол, Хятад улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Тэрээр, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшинд хэлэлцэн тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлжээ.
Энэ удаагийн айлчлалаар Хятадын талтай төрийн өндөр дээд хэмжээний түвшинд боомтын төмөр замын гарцуудтай холбоотой шийдэлд хүрэх хүлээлт Монголын талд бий. Тодруулбал, есдүгээр сард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 230 км, өнгөрсөн баасан гаригт Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг нээсэн билээ. Аль аль төмөр замын хувьд Хятадын зах зээлтэй холбогдож буй онцлогтой. Уул уурхайн зориулалттай дэд бүтэц бий болсноор түүхий эд, нүүрсний худалдааны урт хугацааны гэрээ байгуулах боломж бүрдэж байгаа юм. Эргэн сануулахад, Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн (2022.08.08) БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчлалаар Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулах, БНХАУ-ын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын Үүд-Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэх, боомтуудыг олон улсын чанартай болгох зэрэг асуудал хөндөгдсөн.
Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, энэ оны эхний 10 сард хоёр улсын худалдааны хэмжээ 9.67 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.7 хувиар өсжээ. Дэлхийн улс орнуудын өндөр инфляц, цар тахлын дараах хүндрэл, худалдаа нийлүүлэлтийн саатлыг үл харгалзан Монгол, Хятад улсын худалдаанд түүхий эдийн, тэр дундаа нүүрсний нийлүүлэлт давамгайлж байна. Манай улс оны эхнээс 25.3 сая тонн нүүрс экспортолсноос 90 гаруй хувийг Хятадын зах зээлд нийлүүлдэг.
2021 онд Монгол Улс дэлхийн 64 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 82.6 хувийг, 159 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос БНХАУ 36.4 хувийг тус тус эзэлж байна.