Монголын эрчим хүчний нүүрсний экспортын шинэ боломж болон Шивээхүрэн боомт дахь төмөр замын терминал байгуулах шийдэл тойрсон асуудлаар “Өсөх зоос” компанийн ТУЗ-ийн дарга Ч.Чинбаттай Mining Insight-ийн Э.Оджаргал ярилцлаа.
Засгийн газрын хуралдаанаар нүүрсний ангиллыг шинэчлэн баталж, улмаар наймдугаар сараас нүүрсний экспортын жишиг үнийг шинэ аргачлалаар зарлалаа. Үүний үр дагавар, нөлөөллийг хэрхэн харж байна вэ?
Энэ бол маш зүйтэй ажил. АМНАТ-ийг нүүрсний ангилал, чанар, борлуулж буй ялгаатай үнээс үл хамааран жишиг үнээр тооцож авдаг. 240 ам.долларын үнээс (768 мянган төгрөг) 5 хувийн татвар хасагдах жишээтэй. Гэтэл 320 юань/ тонн үнээр нүүрсээ борлуулсан байхад жишиг үнээр АМНАТ төлж, цаана нь ажилчдын цалин, тээврийн бензин түлшний зардал гээд өртөгтөө хүрдэггүй. Энэ нь манай нүүрсний компаниудыг дампууруулчих гээд байсан юм.
“Өсөх зоос” компани жилд хэчнээн тонн нүүрс олборлодог вэ?
Манай уурхайн нийт нөөцийн 1/3 нь коксжих нүүрс. Ер нь бид уурхайн дизайнаа эвддэггүй. Өөрөөр хэлбэл, анх 16 жил уурхайлна гэж төлөвлөсний дагуу жилд 2.5-3 сая тонн нүүрс олборлодог. Сорчилж ухдаггүй гэсэн үг. Тэгэхээр заримдаа дан эрчим хүчний нүүрс гарах тохиолдол бий. Манайхаас гардаг исэлдсэн нүүрс ч Хятадын цахилгаан станцуудад тохирдог. Тус улсын цахилгаан станцууд 4000 ккал илчлэгтэй нүүрс түлдэг. Манай улсын ДЦС-ууд шатааж буй нүүрснийхээ 30 хувийг эрчим хүч болгодог бол Хятадад 52 хувь байдаг. Манайхаас өндөр илчлэгтэй нүүрс импортлон, өөрсдийн 2200-3000 ккал хүрэн нүүрстэй хольж, 4000 ккалд хүргээд цахилгаан станцууддаа түлдэг юм. Хятадуудын нэг сайн тал нь эрчим хүчний нүүрсийг илчлэгийн чанараар үнэлж худалдан авдаг.
Танай компанийн нүүрсний амны үнэ хэдтэй байна?
Ханшийн хэлбэлзэлтэй уялдуулан сар сард нь үнээ гаргадаг. Одоогоор А, B, F ангиллын нүүрс 5900-6400 ккал илчлэгээс хамаараад амны үнэ 230-810 юань, хил гаргаад буулгахад 650-1300 юань үнээр борлуулж байна. Манайх хилийн цаана “Монзол Өвөрмонгол худалдаа” компани байгуулсан. Монголоос Хятад руу хөрөнгө оруулалт хийсэн компани юм. Сэхэ боомт дээр өөрсдийн агуулахтай. Хятадын талд хөрөнгөтэй учир манай компанид маш их итгэдэг.
Дэлхий дахинаа өрнөж буй өнөөгийн нөхцөл байдал нүүрсэнд, тэр тусмаа Монголын эрчим хүчний нүүрсэнд зарим боломжийг нээж байна?
Тийм ээ. Хятад нь эрчим хүчний нүүрсийг цахилгаан станцаас гадна гангийн үйлдвэрүүдийн домен зуухаа халаахад хэрэглэж байна. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний гэлтгүй коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ “галзууртлаа” өслөө шүү дээ. Харин одоо эргээд үнэ уначихлаа. Яагаад буурсан гэхээр Хятадын төмөр хайлах үйлдвэрлэл асуудалтай байна. Эрчим хүчний хомсдолоос үүдэн цахилгаан хязгаарлах, зарим үйлдвэрийг түр зогсоох гэх мэт зохицуулалтуудыг хийж байна. Домен зуухыг нэг асаавал 30 жил зогсоодоггүй. Эргээд халаахын тулд хоосноор нь 1 сар галлах шаардлагатай. Дахин халаахаар зуухны доторлогооны тоосгонууд хагардаг сул талтай. Тиймээс домен зуухыг унтраалгүй, хөргөхгүйн тулд эрчим хүчний нүүрсээр галлан “торгоож” байгаа. Ийм учир төмрийн үйлдвэрүүд тасралтгүй ажиллах түүхий эдийн 6 сарын нөөцтэй байдаг. Хоёр сарын нөөцтэй болоход л үйлдвэр зогсох, домен зуух унтрах аюултай. Тэгтэл одоо Орос байгалийн хийгээ Европ руу экспортлохгүй болчихоор Герман Улс нь эрчим хүчний нүүрс манайхаас авахыг сонирхож байна. Оросоос нүүрс импортлохгүй болсон Япон мөн л манайхаас авах эрчим хүчний нүүрс авах боломжийг эрэлхийлэх боллоо. Үүнийг манай улс бүрэн дүүрэн ашиглах, ийшээ чиглэж ажиллах хэрэгтэй байна.
Иймэрхүү санал танай компанид ирсэн үү?
Германчуудтай эхний ээлжинд сард 65 мянга, жилд 780 мянган тонн эрчим хүчний нүүрс худалдах гэрээг бид байгуулж байна. Япончууд 5000 ккал илчлэгтэй эрчим хүчний нүүрс авах санал ирүүлсэн. Хятадын Тянжины хойд талын Чинхуандао боомтоор нүүрс авъя гэсэн. Манай компанийн хувьд Хятадын боомт хүргэж чадахгүйгээ илэрхийлсэн. Сэхэ боомтод хүргэж өгөхөд бэлэн. Туршилтаар япончуудад бага хэмжээгээр нийлүүлэхээр ярилцаж байгаа. Болж байвал хэмжээгээ ахиулж нийлүүлэх гэрээ үзэглэнэ.
Далайн боомт хүргэхэд Монголын нүүрс зардал ихтэй юу?
Сэхэ боомтоос Тянжин, Чинхуандао боомт хүртэл 1800 км төмөр замаар нүүрс тээвэрлэх өртөг 350 юань болдог. Далайн боомт дээр буулгаж усан онгоц руу ачихад 35 юань төлнө. Нийтдээ 60 орчим ам.долларын зардалтай. Жишээ нь, манай компани эрчим хүчний нүүрсээ 180 ам.доллар/тонн үнээр заръя. Үүнд Хятадын НӨАТ 20 ам.доллар багтана. Ингээд усан онгоцон дээр ачихад 240 орчим ам.доллар болно.
Хятадын дотоодын тээвэрт багтаж нүүрсээ явуулна гэдэг амаргүй. Энэ асуудлыг худалдан авагч тал буюу Япон, Герман аль аль нь хийж чадна. Тэд Монголоос илүү хүчтэйгээр Хятадад нөлөөлнө.
Таны харж буйгаар, Шивээхүрэн боомтын нүүрсний экспортыг хэрхэн нэмэгдүүлэх боломж байна вэ?
Шивээхүрэн боомтоор дээд тал нь 16.5 сая тонн нүүрс экспортолж байсан. Машинаар зөөгөөд шүү дээ. Тэгэхээр чингэлэг тээвэр, төмөр замын терминалтай болсноор бүр л илүү гарна. Төмөр замын терминалаар 20 орчим сая, машинаар 10 сая тонн зөөхөд нийтдээ бараг 30 саяд дөхнө.
Есдүгээр сард багтаж авто терминал ашиглалтад орж амжих болов уу?
Есдүгээр сарын сүүлчээр ашиглалтад орох байх.
Авто терминал дангаараа Шивээхүрэн боомтын нүүрсний экспортыг их хэмжээгээр нэмэгдүүлж чадахгүй. Тиймээс л төмөр замын терминал барихаар хөөцөлдөж явна.
Энэ нь 3.98 км бүхий 4 салаа төмөр замтай терминал байх юм. Зөвхөн нэг л салаа төмөр замаар 50 вагон буюу 100 чингэлгийг ганц жолооч чирнэ гэсэн үг. Төмөр замын терминалаар өдөртөө 60 мянган тонн нүүрс гарах юм. Хятадын талаас төмөр замын ганц л шугам орж ирнэ. Хоосон чингэлэгтэй вагоноо чирээд ирнэ. Терминал дээр нарийн царигтай төмөр зам руу шилжүүлэн ачна.
Төмөр замын терминалын шилжүүлэн ачих зардал хэд байх бол?
Тонн нүүрсийг 1.5 ам.доллар, нэг чингэлгийг өргөөд тавихад 48 ам.доллар гэсэн тооцоо хийсэн. Тэгэхдээ тонн нүүрсийг ачих зардлыг 3 ам.доллароор тооцож байж төмөр замын терминал барьсан хөрөнгө оруулалтаа нөхнө. Компани санхүүжилт гаргаад төмөр замын терминал барина. Санхүүжилтийг зээлээр авна. Нүүрсээ экспортлоод зээлээ төлнө.
Энэ ажил хэр ахицтай байгаа вэ?
“Нарийнсухайт төмөр зам” компанитай хамтарсан “Шивээхүрэн төмөр зам” компанийг байгуулж, төрд ногдох 51-ээс доошгүй хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг 2018 онд баталсан байдаг. Төмөр замын терминал байгуулах ажлыг “Өсөх зоос” компани дангаараа санхүүжүүлэх гэхээр Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай. Тогтоолыг өөрчлөхийг Засгийн газар зөвшөөрдөггүй. Тиймээс Засгийн газрын тогтоолын дагуу компани байгуулахаар болсон. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн П.Ганхүү захиралтай уулзаад хамтарсан “Шивээхүрэн төмөр зам” компани байгуулах тухайгаа уламжилсан. Энэ асуудлаа Төрийн өмчит хороонд орууллаа. Тус байгууллагууд хэр хурдан хариу өгөхөөс бидний энэ ажлын явц хамаарч байна даа.
Шийдвэр гарлаа гэхэд ямар хугацаанд барих вэ?
Хоёр сар гаруйн хугацаанд барина. Газар шороо, суурийн ажлыг 2 долоо хоногт хийнэ. Шаардлагатай техникүүд нь манай уурхайд хангалттай байна.
Уг нь Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд төмөр зам барих тухай төр, засгийн бодлого, шийдвэр аль эрт гарсан байсан ч өнөөгийн Засгийн газраас Арцсуурь-НарийнсухайтШивээхүрэн чиглэл болгон уртасгаж байгуулахаар шийдвэрлэлээ. Үүнийг Та хэрхэн харж байна вэ?
Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замыг бариулахгүй байсаар өнөөдөр Арцсууриас Шивээхүрэн хүртэл болгосон нь төмөр замыг монголчууд өөрсдөө барих боломжийг улам багасгасан гэж би үзэж байна. Баруун босоо тэнхлэгийн энэ төмөр замыг Их нууруудын хотгорын дагуу барих хэрэгтэй болно. Ингэхээр төлөвлөсөн нийт 1255 км байж чадахгүй. Уул нууруудаар гүүр, туннель зэрэг олон байгууламж барих шаардлага гарна. Өртөг зардал улам нэмэгдэнэ. Хамгийн хямддаа 4.5 тэрбум ам.доллар хэрэгтэй. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 1.7 тэрбум ам.доллароор төмөр зам барьж байгаа, одоо ч дуусаагүй л байна. Гашуунсухайт боомтод төмөр замын терминал барина, нэмэлт хөрөнгө хэрэгтэй. Энэ төмөр замын шугам Хятадын талын төмөр замаас 32 метр өндөрлөгийн зөрүүтэй. Ийм хэмжээтэй гүүр барих уу. Гүүр барилаа ч өгсүүр талдаа вагон ачаагаа чирнэ. Чирээд очлоо гэхэд Хятадын хил дээр мөн л нүүрсээ буулгаж таарна. Хил хүртэл төмөр замаар тээвэрлээд Хятадын тал руу машинаар нүүрсээ гаргая гэж Зам тээврийн сайд яриад байгаа. Ингэхээр төмөр замгүй байсантай ямар ч ялгаагүй. Бүр ч долоон дор. Төмөр замаар тээвэрлээд ачиж буулгаснаас машинаар, чингэлгээр шууд гаргах нь бараг хялбар.
Манай нүүрсний компаниуд консорциум болж Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд төмөр зам баривал Хятадын талаас хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ илэрхийлж байгаа. Гэхдээ төр засагтай биш компанитай, эсвэл консорциумтай гэрээ хэлэлцээр байгуулна гэдэг.
Хятадад 600 гаруй км бүхий Линхе төмөр замыг барьсан “Норд Хонхэ” компани ч сонирхож байгаа юм. Энэ төмөр замыг барих аль ч компани эхлээд Оросын талтай Монголын нутгаар дамжин явуулах нүүрсний хэмжээг тохиролцох учиртай. Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд төмөр зам барьснаар ОХУ-ын Тувагийн нүүрсийг зөөх зам болно. Монголын хойд нутгаас тээвэрлэх ашигт малтмалын том уурхай байхгүй. Хөвсгөл дэх “Аспайр Майнинг” компанийн 3-2 сая тонн нүүрсийг л зөөх байх. Хэрэв Кызылийн нүүрсийг тээвэрлэнэ гэвэл Орос, Хятадын хөрөнгө оруулалтаар төмөр зам баривал үр ашигтай байна. Оросын талдаа Кызылээс цааш Транссибирийн төмөр замтай холбох гэхээр Саяны нурууг давах асуудалтай тулгардаг. Тэрхүү төмөр замын 16.5 тэрбум ам.долларын өртөгтэй төсөлд хөрөнгө оруулагч олдохгүй байгаа юм. Оросын талдаа 5 сая тонн нүүрс, тэгэхдээ Алс Дорнод хүртэл 6000 км тээвэрлэнэ. Монголын нутгаар 15 сая тонныг явуулах боломжтой гэдэг. Тээвэрлэх ачаатай байж төмөр зам ашигтай байдаг. Ашиг нь хөрөнгө оруулалтаа нөхөх ёстой. Оросууд Кызылээс 5 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэж тооцохоор 50 жилийн дараа 16.5 тэрбум ам.долларын өртгөө нөхнө гэсэн үг. Харин Кызылээс манай Арцсууриар нэвтрэн Хятадын зах зээл хүртэл нийт 1600-1700 км тээвэрлэхэд 1 тонн нүүрсэнд 60 ам.долларын тээврийн зардал нэмэгдэх юм билээ. Үүнээс 50 ам.доллар нь Монголын нутгаар тээвэрлэх зардал юм. 1 вагонд 60 тонн нүүрс ачна гэж үзвэл 3000 ам.доллар бөгөөд 15 сая тонн нүүрс тээвэрлэх юм бол манай улс жилд 750 сая ам.долларын орлого олно гэсэн үг.
Mайнинг Инсайт Сэтгүүл 7-8 дугаар сар 2022,№ 07,08 (008, 009) дугаарт нийтлэгдэв.