Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн цахим хуудсаараа нүүрсни асуудалтай холбоотой байр сууриа илэхийлжээ.
"Нүүрсний хэргийн асуудлаар Монгол Улсын Их Хурал дээр нээлттэй сонсгол хийж ард түмэнд ил тод мэдээлэх нь зүйтэй. Нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж хатуу чанд хуулийн хариуцлага тооцох ёстой"
УИХ-ын дарга Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгайлсан бол хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой
УИХ-ын дарга Г.Занданшатар (2022.12.05) нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах саналыг дэмжиж, уг асуудалтай холбогдуулан УИХ-ын даргын захирамж гарган цэгцлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Тэрээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан. Хяналт шалгалтын түр хорооноос нээлттэй сонсгол явуулах шийдэл гаргана. Ард түмний баялгаас хулгай хийсэн хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой.
Уул уурхайн олборлолт явагддаг аймаг бүрийн төлөөллийг багтааж, нүүрсний хулгайн эсрэг нийтийн оролцоотойгоор тэмцсэнээр хөшигний цаана халаасан дотор өрнөдөг олон асуудлуудыг ил тод болгоно” гэж мэдэгдэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн нүүрсний асуудлыг эцэслэн шийдэж чадна
Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл (2022.12.06)хийсэн юм.
Тэрээр "Монгол Улсын экспортын 93 хувь нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт юм. Эдгээр бүтээгдэхүүний экспортод хэн ноёрхлоо тогтооно тэр нь хамгийн их бэлэн мөнгөтэй хэсэг бүлэг болох магадлалтай. Энэ нь улс төрд орвол төрийг худалдаж авах эрсдэл байж ирсэн. Тиймээс төрийн "Эрдэнэс Монгол", “Эрдэнэс Тавантолгой” компаниудтай холбоотой асуудал анхаарал татаад удсан. Компаниуд байгуулагдсан цагаас уурхайн ам нөхцөлтэй нүүрсний үнээс эхлээд нэлээд зүйл болсон. Яагаад Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 16 жил гацав. Тэнд хэдэн машин, тэдгээрийн ард ямар улс төрчид байдаг, тухайн машины эздийн хэд нь Монголынх болон Хятадын Баяннуур аймгийнх, эдгээр хүмүүс нэгдэхээрээ хэр их хөрөнгө, хүчтэй зэрэг асуудлууд цаана нь бий.
Нүүрсний борлуулалтын 178 орчим гэрээний сонгон шалгаруулалт шударга болж чадсан уу. Гэрээтэй компанийн ард ямар хүмүүс байдаг, яаж тендерүүд авсан гээд нягтлах зүйл олон. Мөн off-take гэрээ, түүний нууцлалтай холбоотой 2 улсын асуудал байгаа ч гэрээг илүү бизнесийн зарчим руу оруулах, нүүрсээ уул уухайн биржээр арилждаг болох хэрэгтэй байгаа юм.
219 аж ахуйн нэгжийн 9000 гаруй машинд нүүрс тээвэрлэх С зөвшөөрөл олгогдсон. Энэхүү зөвшөөрлийн олголтод машинуудыг “дугаарладаг” асуудал бий юу. Бөмбөлөг 393 чингэлэг тээврийн 201 задгай терминал, 78 тээврийн компани байгаа бөгөөд энэ зохицуулалт хэрхэн хийгдэж байна вэ.
Хятадын Гаалийн мэдээлэлтэй адил тоо хэмжээгээр нүүрсийг манай улсын хилийн цэрэг, гаалийн байгууллагууд, орон нутгийн удирдлагууд гаргаж байгаа юу, эсвэл тоо хэмжээ зөрж байна уу. Тэр дунд албан тушаалтан үгсэн хуйвалдсан магадлалтай юу. Өөрөөр хэлбэл бүртгэлгүй нүүрс хилээр гарч байгаа эсэх асуудал үүссэн. Энэ бүгдийг тодруулах, нягтлахаар “Эрдэнэс Тавантолгой” компанид 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Энэ амаргүй, ихээхэн хугацаа зарцуулж өргөн цар хүрээнд ажиллах шаардлага үүснэ. Үүнд ЦЕГ, АТГ, ТЕГ-ын хамтарсан Ажлыг хэсэг ажиллаж байна. Эдгээр асуудлуудтай холбоотой Засгийн газраас Хятадын талтай тулгалтууд хийж байгаа.
Нүүрсний шалгалтын нарийн мэдээллүүдийг санаатай, санамсаргүйгээр янз бүр хэвлэл мэдээллээр тайлбарлах, улмаар нүүрсний асуудлыг “өнгөрөөх” далд ашиг сонирхол нуугдаж байгаа. Үүнд анхаарал хандуулж жагсагчид шаардлага тавилаа. Тавантолгойн нүүрсний асуудлыг эцэслэн шийдэж чадна. Харин иргэд маань эргэлзэх хэрэггүй, хууль хяналтын байгууллагуудыг анзаарч байгаарай.
Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул нарийн мэдээллийг өнөөдөр Засгийн газрын тэргүүн онцолж нь эрх зүйн хувьд зүйтэй биш. Удахгүй эхнээсээ үр дүнг гарч, эрх зүйт төрийн дагуу шийдэгдээд явах байх. Олон нийтийн асуудал болсон учир шийдэгдэнэ гэж бодож байна.
Жагсаалыг талаарх мэдээлэл авснаар, "нүүрсний хулгайчид” өөрсдөө жагсаалыг эргүүлэх гэж оролдсон. Жишээ нь “Эрдэнэс Тавантолгой”-н хуучин удирдлагууд, тэдний удирдлагад ажиллаж байсан хүмүүс оролцсон мэдээлэл авсан. Энэ асуудалд олон нийт туйлын сэрэмжтэй хандах нь зүйтэй. Амь нь тасарч, амьсгаа нь давчдаж байгаа хүмүүс хамгийн их нүүрс ярьж байна. Болиосой гэж бодож байна. Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Та нар нүүрсний хэдэн төгрөг цуглуулсан байж болно. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар нүдтэй, чихтэй, ажиллах чадамжтай. Үүнийг жагсаал зохион байгуулсан зарим нэг “нүүрсний луйварчдад“ хандаж хатуугаас хатуу хэлье.