Засгийн газрын хуралдаанаар нүүрсний хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг ахалсан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “”Нүүрсний хулгай” гэх хэрэгт мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд дараах нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байна.
1.“Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой гэрээний нүүрсний үнэ болон гэрээ байгуулахад бусдад давуу байдал олгосон эсэх
2.“Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайгаас уртын, богинын тээвэрт бүртгэлгүй аливаа тээвэр хийгдсэн эсэх
3.Off-take буюу төмөр замын бүтээн байгуулалтын гэрээний ажил, гүйцэтгэлийг шалгана. Гэрээний үндсэн нөхцөлд дурдагдсан оролцогчийн саналыг авч гэрээг ил болгох.
4.Монгол Улсын хилээр бүртгэлгүй бараа, тээврийн хэрэгсэл гарсан эсэх.
Ажлын хэсэг нь “нүүрсний хулгай” гэх хэрэгт мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагуудад Засгийн газраас дэмжлэг үзүүлэх, мөрдөн шалгалтын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, төрийн байгууллага агентлагуудаас мэдээллийг яаралтай гаргуулах, хоорондын уялдаах хангах үндсэн чиг үүрэгтэй. Мөн эрх зүйн харилцан туслалцах гэрээ байгуулсан БНХАУ-аас шаардлагатай мэдээллийг гаргуулах үүрэгтэй Ажлын хэсэг ажиллана.
Тавантолгойн нүүрсний тээвэрт 9000 гаруй машин оролцож байна. Эдгээр тээврийн хэрэгслийн эцсийн өмчлөгчийг тогтооно. Тухайн машинууд Монгол Улсын гаалийн хилээр нэвтрэхдээ ачаа бараатай гарсан эсэхийг судлах нүсэр ажлыг зохион байгуулж байна. Хууль сахиулах байгууллага, тэр дундаа АТГ, ЦЕГ-ын мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөөх Ерөнхий сайд чиглэл өгчээ. Орон нутагт ажиллаж байгаа эрүүгийн цагдаагийн албан хаагчдыг энэхүү мөрдөн шалгах ажиллагаанд татан оролцуулна.
Монгол Улсын ГХЯ-аар дамжуулж ХЗДХЯ-наас БНХАУ-ын Дотоод хэргийн яаманд албан бичиг илгээсэн талаар мэдээлэл өглөө.