Glencore компани Перу дахь зэсийн Antapaccay уурхайн үйл ажиллагааг зогсоосноо мэдэгджээ. Тус уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэж, үйлдвэрлэлийг зогсоохыг шаардсан орон нутгийн иргэд (2023.01.20)төслийн талбай руу хүч түрэн дайрч ажилчдыг орон сууцны байрыг шатаасан байна. Одоогоор бэртэж гэмтсэн хүн байхгүйг Glencore компани мэдээлжээ. Нэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн орон нутгийн иргэдийн эсэргүүцлийн жагсаалтай холбоотой Antapaccay уурхай нь нийт ажилчдын 38 хувийн хүчин чадлаар ажиллаж байжээ. Улмаар Antapaccay уурхайгаас экспортын бүтээгдэхүүнээ тээвэрлэж чадахгүйд хүрчээ.
Antapaccay нь MMG компанийн Las Bambas-ийн уурхайтай нэг авто замаар бүтээгдэхүүнээ боомт руу тээвэрлэдэг.
Дэлхийн хамгийн том зэсийн үйлдвэрлэлийн нэг болох Las Bambas уурхайн үйл ажиллагаа болоод тээвэрлэлт мөн л орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. энэ нөхцөл байдлын нөлөөгөөр Las Bambas-ийн үйлдвэрлэлийн талбайд бүтээгдэхүүний хуримтлал үүсээд буй. Хятадын төрийн өмчит MMG компани 2016 онд Las Bambas-ийн үйл ажиллагааг явуулж эхэлснээс хойш нийтдээ 540 гаруй хоног тус уурхайн экспортын тээврийн зам эсэргүүцэгчдийн жагсаалаас шалтгаалж хаагдахад хүрчээ.
Bloomberg-ийн мэдээлснээр, Перу дахь тогтворгүй байдлаас шалтгаалж бараг 4 тэрбум ам.доллар бүхий зэсийн нийлүүлэлт тасалдаж болзошгүй байна.
Энэ нь дэлхийн зах зээл дээр зэсийн нөөц хамгийн бага түвшинд хүрсэн үед тохиож буйгаараа эрсдэлтэй юм. Нөгөөтэйгүүр, цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэж байгаагаас зэсийн эрэлт хэрэгцээ огцом өсөх хандлагатайг шинжээчид анхааруулж байна.