Э.ОД
Чили 2022-2031 онд 73.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай нийт 53 төсөл хэрэгжүүлнэ. Cochilco-ийн тайланд дурдсанаар, Чили улсын зэсийн үйлдвэрлэл 2023 онд 5.46 сая тонн, 2024 онд 5.9 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Энэ төсөөллийг шинээр хэрэгжих төсөл, ашиглалтад орох үйлдвэрүүдийн хүчин чадалтай уялдуулан тооцжээ. Чилийн үндэсний хөрөнгө оруулалтын багц төлөвлөгөөний бүх шинэ төслүүдийг хэрэгжүүлбэл 2033 он гэхэд зэсийн үйлдвэрлэлийг 17 хувиар нэмэгдүүлэх болно гэж тайланд тэмдэглэсэн байна.
Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч тус улс ойрын хоёр жилд зэсийн 7 томоохон үйлдвэрийг ашиглалтад оруулах төлөвтэй байна. Эдгээр зэсийн төсөл нийтдээ 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай бөгөөд хэрэгжсэнээр Чили улсын зэсийн үйлдвэрлэл 700 мянган тонноор нэмэгдэх юм.
Чилийн төрийн өмчит Codelco компанийн 1.4 тэрбум ам.долларын өртөгтэй Rajo Inca төсөл нь төлөвлөсөн хугацаанаасаа 16 сараар хоцорч байгаа ч 2024 оны эхний хагаст үйлдвэрлэлээ эхлүүлэх төлөвтэйг ТУЗ-ийн дарга Максимо Пачеко мэдэгджээ. Rajo Inca төсөл жилд 70 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай.
Гэрэл зураг: Rajo Incaтөсөл
Өнгөрсөн онд Codelco компани 1.446 сая тонн зэс үйлдвэрлэсэн нь өмнөх жилийнхээс 10 хувиар буурсан байна. Энэ нь зарим уурхайн үйл ажиллагааны хүндрэл, мөн шинэ төслүүдийг ашиглалтад оруулах хугацаа хойшлогдсонтой холбоотой. Тодруулбал Chuquicamata болон Ministro Hales уурхайд хөрсний гулгалт үүсэж хүний амь нас хохирсноос үйл ажиллагаа нь зогссон. El Teniente төслийн хөрөнгө оруулалт 5.6 тэрбум ам.доллар болж анхны тооцооноос 75 хувиар өссөн бол Andina төслийн төсөв 21 хувиар давж 1.7 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Гэрэл зураг: Quebrada Blanca II төсөл
Канадын Teck Resources компани хэрэгжүүлж буй Quebrada Blanca
II үе шатны төслийн үйлдвэрлэл энэ оны гуравдугаар улиралд эхлүүлэхээр төлөвлөжээ. Уг төслийн хөрөнгө оруулалт 7.75 тэрбум ам.доллар юм. Үйлдвэрлэлийн эхний 5 жилд 316-320 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ.
Гэрэл зураг: Pelambres төсөл
Кокимбо муж дахь зэсийн Pelambres уурхайг 2 үе шаттай өргөтгөх төслийг Antofagasta Minerals хэрэгжүүлж байна. Эхний шатанд 2.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. 2022 онд ашиглалтад орсноор Pelambres уурхайн зэсийн үйлдвэрлэлийг жилд 66 мянган тонноор нэмэгдүүлэх хүлээлттэй байна. Төслийн 60 хувийг Antofagasta Minerals, үлдсэн хувийг JX Nippon болон Mitsubishi Materials, Marubeni, Mitsubish, Mitsui & Co зэрэг Японы консорциум эзэмшдэг.