"Оюутолгой": 2023 оны эхний улиралд гүний уурхайн олборлолтыг эхэлнэ

Б.ЭНХМАА 

Оюутолгойн ордын хамгийн өндөр агуулгатай, хамгийн их нөөцтэй хэсэг болох Хюгогийн ордуудыг зөвхөн гүний уурхайн аргаар олборлох боломжтой. Ордын нийт үнэ цэнийн 80 гаруй хувийг тэндээс ийнхүү блокчлон олборлохоор байгаа. Энэхүү арга нь бүтээмж өндөртэй, хүдрийн хэмжээ томрох тусам хэмнэлт улам нэмэгдэх, нэгж хүдрийг олборлох зардал буурах давуу талтай.

"Оюутолгой"-н гүний уурхайн бүтээн байгуулалт ид үргэлжилж байна. 2022 оны IV улирлын эцсийн байдлаар гэхэд нийт 19 хүдэр буулгуурыг тэсэлж, хүдэр буулгуурын тэсэлгээний ажил ихээхэн урагшилжээ. Гүний уурхайн олборлолтыг тус компани энэ оны эхний улиралд эхлүүлэхээр байна. 2022 оны арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар агааржуулалтын урд, хойд амын нэвтрэлтийн ажил газрын гүнд 378 болон 507 метрт хүрчээ.

Босоо нэвтрэлтийн явцад аюулгүй ажиллагааны шаардлагаас үүдсэн түр зогсолтуудаас хамаарч IV улирлын ажлын гүйцэтгэл төлөвлөгөөнд туссанаас багагүй хоцрогдолтой гарсан. Агааржуулалтын урд, хойд амын нэвтрэлтийн ажил 1148 болон 1149 метрт хүрснээр дуусах юм.

Хүдрийн биетийг газрын гадарга уруу тээвэрлэх туузан дамжуулагчийн барилга угсралтын ажил IV улирлын турш үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд барилгын ажил дуусаж, бүтээн байгуулалтад ажиллах бусад гүйцэтгэгчдийг уурхайн талбарт хүлээн авсан гэж компанийн зүгээс мэдээлсэн. 2022 онд гүний уурхайд хөндлөн малталтын гүйцэтгэл 15,955.1 метр ахицтай байв.

Панель I болон II-ын судалгааны ажлыг 2023 оны эхний хагаст дуусгах төлөвлөгөөгөө компани биелүүлэхээр ажиллаж байна. Уг хоёр панелиас олборлож эхэлснээр өдөрт 95 мянган тонн хүдэр олборлох боломжтой болох юм.