Зүүнбаян-Ханги төмөр замаар Тавантолгойн нүүрсийг тээвэрлэж Ханги-Мандал боомтоор экспортолжээ

Э.ОД

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар тээвэрлэсэн Тавантолгойн уурхайн 609.6 тонн нүүрсийг БНХАУ-ын Мандал боомтоор импортолж гаалийн бүрдүүлэлтийг энэ оны хоёрдугаар сарын 6-нд хийжээ. Энэ нь Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замаар тээвэрлэсэн эхний ачаа болж байна.

Өвөрмонголын Дарханмуу мянган хошууны нутаг дэвсгэрт хамаардаг Мандал боомт нь Монголын Дорноговь нутгаар Ханги боомттой холбогддог хилийн гарц юм. 2015 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр албан ёсоор Мандал боомтыг өргөтгөж, хоёр улсын зорчигч, ачаа тээврийн боомт болгон хөгжүүлж буйг CCTV мэдээлэв. Мандал боомт дахь дамжин өнгөрөх хил гаалийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Бугат-Мандал чиглэлийн төмөр зам, үргэлжлүүлээд Монгол Улсын хилтэй дамнасан төмөр замын сүлжээг байгуулахад идэвхтэй дэмжлэг Хятадын талаас үзүүлж байгааг мэдээнд онцолжээ.

Бугат-Мандал чиглэлийн 262.6 км төмөр замыг 2022 оны дөрөвдүгээр сар албан ёсоор ашиглалтад оруулж, тээврийг эхлүүлсэн.
Гэрэл зураг: Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төгсгөл (Ханги-Мандал боомт талаас)

Монголын талын Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 2022 оны гуравдугаар сард эхэлж 9 сарын хугацаанд барьж арваннэгдүгээр сарын 25-нд албан ёсоор нээсэн билээ. Манай улсад анх удаа тус төмөр замын төгсгөл буюу Ханги-Мандал боомт талдаа 17 км хэсгийг өргөн, нарийн хос царигаар зэрэгцүүлэн байгуулсан юм.