М.Базаррагчаа: Нүүрсний зах зээлд хөрөнгө оруулалт эргэн сэргэсэн

Б.БАЯРТОГТОХ

"Монгол нүүрс ассоциаци"-ийн санаачилгаар Олон улсын Эрчим хүчний агентлагийн "НҮҮРС 2022" тайланг танилцуулах уулзалт зохион байгуулагдлаа. Дэлхийн хэмжээнд нүүрс олборлолт өнгөрсөн онд 8.3 тэрбум тоннд хүрсэн. Энэ нь бүх цаг үеийн хамгийн өндөр дүн юм. 2025 он хүртэл нүүрсний өсөлтийн чиг хандлага, эрчим хүч, коксжих нүүрсний зах зээлийн шинэ тоглогч улс орон, тээвэрлэлт, үнэ, эдгээрт нөлөөлөх хүчин зүйл, стратеги, зах зээл, шинэ төслүүдийн талаар Баяжуулагч инженер М.Базаррагчаа ийнхүү хэлэлцүүлсэн юм.

Түүний илтгэлд, Байгалийн хий, нефтийн үнэ өссөн тул нүүрсний эрэлт нэмэгдэж, үнэ нь дагаж өссөн. Европын Холбоо эргээд нүүрс ашиглах болсон. Нүүрсний цахилгаан станцыг залгаж, уурхай нээсэн. Нүүрсний хэрэглээ 2025 он хүртэл өсөлттэй байх төдийгүй энэ нь БНХАУ-аас ихээхэн хамаарна гэдгийг онцлов.

Өмнөд хөрш Хятад улс нь дэлхийн нийт олборлосон нүүрсний 53 хувийг дангаар хэрэглэдэг. Олон улсын Эрчим хүчний агентлагийн "НҮҮРС 2022" тайланд, Эрчим хүчний нүүрсний үнэ коксжих нүүрснээс өндөр болсон. Энэ нь түүхэндээ анх удаа гэдгийг тодотгосон юм.
БНХАУ, БНЭУ, ХБНГУ, Польш хэрэглээ нь өссөн байна. Байгалийн хий үнэ огцом өссөн тул нүүрсийг эргэн ашиглаж, эрчим хүч үйлдвэрлэх болсон хэрэг. БНХАУ, БНЭУ эрчим хүч үйлдвэрлэлийн ихэнх хэсгийг нүүрс эзэлж байна.

Өмнөд хөршийн нүүрсний хэрэглээ 2025 хүртэл буурах дүр зураг ажиглагдахгүй байна. Хятад эрчим хүчний дутагдалтай байгааг М.Базаррагчаа хэлсэн юм. Харин нүүрсний хэрэглээ нь тогтмол буурч байгаа, энэ төрлийн төслүүд нь зогссон орон АНУ байна. Харин нүүрсний зах зээлийн үнийг тодорхойлогч нь Энэтхэг, БНХАУ. Тэд гол олборлогч, гол хэрэглэгч, гол худалдан авагч хэвээр. Манай улсын хувьд зах зээлийн үнэ өссөнтэй холбогдуулан АМНАТ нүүрсний өрсөлдөх чадварт цаашид сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг М.Базаррагчаа хэлсэн юм. Бид боломж ихтэй ч түүнийгээ ашиглаж чадахгүй, зах зээлд хаалттай байгааг өгүүллээ.

ОХУ, Укрианы нөхцөл байдлаас үүдэн дэлхийн нүүрсний худалдаа, тээвэрлэлт ихээхэн өөрчлөгджээ. Хойд хөрш ОХУ шинэ худалдан авагчдад хямд үнэ санал болгож эхэлсэн байна. Тэдний хувьд гуравдагч зах зээлийн орон зай нь хумигдаж, Европын холбооны улсад нийлүүлэлт хийхээ бүрэн зогсоосон нь дээрх хүндрэлтэй байдлыг үүсгэжээ.

Нүүрсний зах зээлийн гол тоглогч болох Индонез Европын холбооны голлох нийлүүлэгч болсон байна. Өмнөд Африк мөн адил. Гэвч төмөр замын тээвэрлэлтийн саадтай Өмнөд Африк нүүр тулгарчээ. Том зургаар нь авч үзвэл, Нүүрсний зах зээлд хөрөнгө оруулалт эргэн сэргэсэн төдийгүй царцсан байсан эрчим хүчний зарим төсөл урагшлах замдаа оржээ.

Англи, Польш улсад шинээр коксжих нүүрсний уурхай нээх зөвшөөрлөө авсан байна. Европын холбоо өнгөрсөн онд нийт 357 сая тонн нүүрс хэрэглэжээ. Үүний дийлэнх нь эрчим хүчний хүрэн нүүрс байжээ.

Азийн зах зээлээ авч үзвэл, Японы эрчим хүчний нүүрсний хэрэглээ өнгөрсөн онд 1.1 хувиар буурсан харагдана. Тэд 33 цөмийн цахилгаан станц барьж, үүгээр нөхөх төлөвлөгөөтэй байгаа аж. Сонирхуулахад, дэлхийн нийт нүүрсний худалдааны 23 хувь, нийт импортын 30 хувийг коксжих нүүрс бүрдүүлж байна. 

Коксжих нүүрсний нийт тээвэрлэлтийн 90 хувь нь далайгаар хийгджээ. Коксжих нүүрсний үнэ өссөн, зах зээлд хомсдолтой байгаа тул хөрөнгө оруулагчид илүү эрчим хүчний нүүрс сонирхох болсон байна. Энэ хандлага 2025 он хүртэл үргэлжлэх нь.