Э.ОД
Төмрийн хүдрийн хувьд 2022 он тааруу, тогтворгүй жил байв. Зах зээлийн төлөв, чиг хандлага Хятадын дотоод дахь КОВИД-19-ийн дэгдэлт, үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралаас шууд хамаарч байна. Өнгөрсөн онд тус улс 1 тэрбум тонн ган үйлдвэрлэжээ. Хятадын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт сүүлийн 30 жилийн доод түвшинд буурч, зах зээлийн гол үзүүлэлтүүд сөрөг байна. 2022 оны арванхоёрдугаар сард Хятадын Төв банк үл хөдлөх хөрөнгийн салбарын тогтвортой, эрүүл хөгжлийг дэмжих 16 арга хэмжээ зарласан бол арилжааны томоохон банкууд салбарыг бэлэн мөнгөний хомсдолоос ангижруулах 162 тэрбум ам.долларын зээлийн багцыг олгохоо мэдэгдсэн. Ингэхдээ коронавирусын эсрэг бодлого баримталж буйгаас дотоодын эдийн засгийн өсөлт удааширсныг тайлбарлажээ. Энэхүү мэдээллийн дараа Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ 124.1 ам.долларт өсөж оныг өндөрлөлөө.
Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжих, хөл хориог сулруулах бодлогын нөлөө 2023 оны сүүлийн хагаст мэдрэгдэнэ гэдгийг шинжээчид сануулжээ. Нөхцөл байдал амаргүй байгааг Хятадын эрүүл мэндийн байгууллагууд ч анхааруулсаар байна.
Тухайлбал Шанхай хотын 25 сая хүн амын тал хувь нь халдвар авч болзошгүй тул эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг бэлтгэлтэй байхыг эмнэлгүүд мэдэгджээ. Халдварыг бодитой хязгаарласнаар эдийн засгийн өсөлтөө хангаж чадна гэсэн байр сууринаас Fitch-ийн зүгээс 2023 онд төмрийн хүдрийн үнэ 85 ам.доллар, 2024 онд 75 ам.доллар гэсэн таамагтай байна. Яг адил ханшийн төлөвийг дэвшүүлсэн ING-ийн судалгааны баг Хятадын эрэлт хүлээлтээс илүү удаашралтай байгаа тул богино хугацааны төлөв муу, жилийн туршид төмрийн хүдрийн үнэ 90 ам.долларыг давахгүй гэжээ. Австралийн Инновацын яамны тайланд 2023 онд төмрийн хүдрийг 93 ам.долларын үнээр тооцсон байна.
2022 оны эхний 11 сарын байдлаар Хятад нийт 1.02 тэрбум тонн төмрийн хүдэр импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 хувиар буурчээ. Бууралт 2023 онд үргэлжлэх бөгөөд дотоодын олборлох хүчин чадлаа нэмэгдүүлж импортын хараат байдлаас аажимдаа гарах төлөвтэйг S&P онцолж байна.
Metallurgical Mines’ Association of China мэдээлснээр 2025 он гэхэд Хятадын төмрийн хүдрийн импортоос хамаарах хамаарал 71 орчим хувь болж буурна. Тухайн үед 880 сая тонн төмрийн хүдэр импортлох хэрэгцээ Хятадад бий болно гэнэ. Үүнийг батлах судалгааг Orient Securities банк гаргасан нь 2023 онд Хятадын төмрийн хүдрийн олборлолт өмнөх оныхоос 3.5 хувиар нэмэгдэж 238 сая тоннд хүрнэ.
Сүүлийн жилд Хятад төмрийн хүдрийн хэд хэдэн шинэ үйлдвэрүүдийг бэлтгэж байна. Ашиглалтад оруулснаар 2023 онд тус улсын дотоодын төмрийн хүдрийн гарц 8-10 сая тонноор нэмэгдэх төлөвтэй. Тус улсын төмрийн хүдрийн нийт импортын 70 хувийг Австрали бүрдүүлдэг. Австрали энэ онд 920 сая тонн төмрийн хүдэр экспортолж өмнөх оноос 6 хувиар нэмэгдүүлжээ. Бразилийн хувьд төмрийн хүдрийн экспорт 347 сая тоннд хүрч урьд оны хэмжээнд хүрээгүй.