Орос, Украйны мөргөлдөөнтэй холбоотой геополитикийн хурцадмал өрнөлөөр 2022 оны эхний улиралд шар металлын ханш 2200 ам.долларт хүрсэн нь энэ жилийн оргил үзүүлэлт болсон юм. Нэг жилийн хугацаанд 1600 ам.доллароос доош ороогүй алтны үнэ өнгөрсөн жилийн сүүлийн сард 1800 ам.долларт хүрч оныг өсөлттэйгөөр үдсэн билээ. 2022 он бол шар металлын хувьд тун савлагаатай жил байсан бөгөөд улс орны төв банкуудын алтны худалдан авалт 399 тоннд болж нэмэгдсэн юм. Энэ нь төв банкуудын алтны худалдан авалтын сүүлийн 55 жилийн дээд хэмжээнд тооцогдсон.
Төв банкууд алтны нөөцөө нэмэгдүүлж буй нь 2023 оны инфляц, ханшийн хямралд бэлдэж байна гэж олон шинжээч дүгнэж байна. Өнгөрсөн оны эхний гурван улиралд Хятад 902 тонн алт худалдан авч, тус улсын алтны импорт сүүлийн гурван жилийн дээд хэмжээнд хүрчээ. Хятад нь импортын зэрэгцээ дотооддоо 300 тонн алт олборлодог улс.
Тэгвэл, төв банкууд гэлтгүй хувийн хөрөнгө оруулагчдын зүгээс алтны эрэлт, ялангуяа биет алтны худалдан авалт нэмэгдэх хандлагатай байна. Дайн байлдааны үйл явдал, өндөр инфляц, эдийн засгийн хямрал гүнзгийрэх болгоомжлолоор алтны үнийн хүчтэй савлагаа 2023 онд үргэлжилнэ гэсэн төлөвийг судлаачид дэвшүүлжээ. Алтны ханш өсөх нөхцөл ч бий. Энэ нь төв банкуудын мөнгөний бодлого хэвээр бөгөөд их гүрнүүдийн эдийн засаг эмзэг, бодлогын арга хэмжээ тодорхойгүй байдал гэж Heraeus тодорхойлсон байна.
Зах зээлийн төлөв, шинжээчдийн таамгуудыг нэгтгэн авч үзвэл энэ онд алтны ханш 1620- 2200 ам.долларт савлана. Зах зээлийн байдал тогтворгүй, эдийн засаг хямрах хүлээлт нэмэгдэж, төв банкуудын худалдан авалт нь эрэлтийг дэмжиж алтны үнэ өсөх нөхцөл болно.