Нью Йоркийн COMEX биржийн (2023.03.20) арилжааны үеэр алтны фьючерс үнэ 2000 ам.доллар давсан байна. Тухайн өдрийн арилжаагаар алтны үнэ 2014.9 ам.доллар шүргэж дээд амжилт тогтооход ойрхон байв. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 18-наас хойших хамгийн өндөр өсөлт юм.
Дэлхийн санхүүгийн зах зээл дэх тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдын алтны сонирхлыг нэмэгдүүлжээ. Банкны салбарын нөхцөл байдалд хөрөнгө оруулагчид санаа зовниж, эрсдэлийг шинжиж буй энэ үед уламжлалт хамгаалалтын хөрөнгөд тооцогддог алтны үнэ өсөхөд нөлөөлсөн байна.
Санхүүгийн хүндрэлд ороод буй Щвейцарын Credit Swiss банкийг 3.25 тэрбум ам.доллароор UBS банк (2023.03.19)худалдан авсан юм. Гэсэн ч олон улсын санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал өндөр хэвээр бөгөөд алтны үнийн цаашдын өсөлт ам.доллароос шалтгаална гэж шинжээчид үзэж байна.
Одоо Credit Suisse-ийн асуудал дэлхийн банкны салбарт хэрхэн нөлөөлөх, мөн гуравдугаар сарын 22-нд болох АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хурлын үр дүнд олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарал төвлөрч буй.
Өнгөрсөн жил Орос болон барууны орнуудын хооронд байдал хурцадсантай холбоотой АНУ-ын Холбооны нөөцийн сангаас мөнгөний бодлогоо чангаруулснаар алтны ханш зургаан сар орчим хугацаанд уналтад орсон. 2022 оны гуравдугаар сарын эхээр Америкийн Silicon Valley Bank дампуурч, Европын банкуудтай холбоотой асуудал үүссэний дараа алтны үнэ бага зэрэг өссөн юм. Тухайн оны сүүлч буюу арванхоёрдугаар сар гэхэд дэлхийн төв банкуудын алтны худалдан авалт түүхэн дээд амжилт тогтоосныг World Gold Council мэдээлсэн.