Mining Insight сэтгүүл Европын RawMaterials 2023, Канадын PDAC 2024 чуулганы мэдээллийн түншээр ажиллана

Mining Insight сэтгүүл нь Европын Холбооны EIT RawMaterials-тай хэвлэл мэдээллийн түншлэлийн гэрээ (2023.03.28) байгууллаа. Мөн Канадын PDAC-ийн мэдээллийн түншлэлээ үргэлжлүүлж байна. Энэхүү түншлэлийн хүрээнд олон улсын уул уурхайн хөрөнгө оруулалт, чухал түүхий эдийн ханган нийлүүлэлтийг онцлох энэхүү томоохон чуулга уулзалтуудын бүхий л мэдээ мэдээллийг Mining Insight сэтгүүл болон mininginsight.mn вэб сайт, сошиал платформуудаар Монголын олон нийтэд хүргэх болно.
EIT RawMaterials нь Европын Холбооны тогтвортой, ногоон эдийн засгийн шилжилтийг дэмжих зорилгоор 2015 онд байгуулагдсан. Европын Комиссын шийдвэрээр EIT RawMaterials нь Европын түүхий эдийн холбоог (ERMA) удирдаж байна. Европын аж үйлдвэрийн чухал түүхий эдийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд инновац нэвтрүүлэх, нэн ач холбогдолтой ашигт малтмал олборлох болон боловсруулах, дэвшилтэт материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын дээд хэмжээний уулзалт нь EIT RawMaterials-ийн гол арга хэмжээ юм. Уг дээд хэмжээний чуулганаар Европын түүхий эдийн үйлдвэрлэл, Европын Комисс, Европын Холбооны Парламент, НҮБ-ын Эдийн засгийн комиссыг нэгтгэдэг байна.

2023 онд RawMaterials чуулганы 5 дахь удаагийн арга хэмжээ Брюссель хотноо тавдугаар сарын 15-17-нд зохион байгуулагдах бөгөөд нүүрстөрөгчийн хий ялгаруулахгүй ирээдүйн төлөө Европын Холбооны “Ногоон хэлэлцээр”-ийн зорилтыг хэрэгжүүлэх шинэлэг санааг хэлэлцэнэ.
Уул уурхайн хөрөнгө оруулагчдын олон улсын чуулган буюу PDAC (Prospectors and Developers Association of Canada) нь Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг уул уурхайн салбарынхны дэлхийн хамгийн том арга хэмжээний индэр юм.

2024 онд 92 дахь удаагаа PDAC чуулга үзэсгэлэн Торонто хотноо нээгдэнэ. Монгол Улсын хувьд 2006 оноос хойш тасралтгүй оролцож байгаа билээ.
Энэ жилийн PDAC-ийн албан ёсны хэвлэл мэдээллийн түншээр Mining Insight сэтгүүл ажилласан бөгөөд 91 дэх удаагийн PDAC-ийн шинэлэг хийгээд онцлох сонин содон мэдээллийг Mining Insight сэтгүүлийн гуравдугаар сарын дугаараас шимтэн сонирхоорой.