Э.МИШЭЭЛ
АМГТГ-аас мэдээллээр Монгол Улсын гуравдугаар сард нийт 128.2 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүний захиалга өгчээ. Үүнээс 80 640 тонн дизель түлш, 46 152 тонн АИ-92 автобензин, мөн 1282 тонн АИ-95,98 автобензин эзэлж байна. Он гарснаас хойш энэ сарын 28-ныг хүртэл манай улс 467.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
Боомт тус бүрээр задалж үзвэл 87 хувь (406 551 тонн) нь Сүхбаатар, 6 хувь (28 038 тонн) нь Замын-Үүд, 4 хувь (18 692 тонн) нь Эрээнцав, 3 хувь (14 019 тонн) нь Цагааннуур, үлдсэн нэг хүрэхгүй хувь нь Боршоо боомтоор тус тус импортолсон байна.
Нийт төрлөөр нь ангилбал дизель түлш 267.3 мянган тонн, АИ-92 автобензин 140.4 мянган тонн, бусад бүтээгдэхүүн 27.8 мянган тонн, Жет А-1 түлш 11.1 мянган тонн, ТС-1 онгоцны түлш 9.6 мянган тонн, А-80 автобензин 5.8 мянган тонн, АИ-95/98 автобензин 5.3 мянган тонн аж.
Шатахууны хамгийн их нөөцтэй Төвийн бүсийн долоон аймагт нийт 22 419 тонн үлдэгдэл буйгаас дизель түлш 71.2 хувь, АИ-95 автобензин 19.2 хувь, А-80 автобензин 6.5 хувь, АИ-95 автобензин 3 хувийг эзэлж байна. Баруун бүсийн таван аймагт 14 249 тонн, Зүүн бүсийн гурван аймагт 7415 тонн, Хангайн бүсийн зургаан аймагт 5454 тонн газрын тосны бүтээгдэхүүний нөөц байна.
Улаанбаатар хот 54.7 мянган тонн буюу улсын нийт нөөцийн 50.5 хувийг эзэлж буй. Улсын хэмжээнд А-80 автобензин 34 хоног, АИ-92 автобензин 20 хоног, АИ-95 автобензин 33 хоног, дизель түлш 29 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.