Энэтхэг улс нь коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч Австралиас гадна шинэ үйлдвэрлэгч орон, импортын хувилбаруудыг эрэлхийлж байна.
Монголын коксжих нүүрсний нийлүүлэлтийг судалж буйг Энэтхэгийн Ган үйлдвэрлэлийн асуудал хариуцсан яамны Нарийн бичгийн дарга Нагендра Нат Синха мэдэгджээ.
Дэлхийн гангийн хоёр дахь том үйлдвэрлэгч Энэтхэг улс мөн коксжих нүүрсний хамгийн том импортлогч юм. Тус улсын дотоодын коксжих нүүрсний хэрэгцээ 57 сая тонн бөгөөд дийлэнхийг импортоор хангаж байна.
"Өнөөгийн байдлаар Энэтхэгийн гангийн үйлдвэрүүдийн коксжих нүүрсний гол нийлүүлэгч Австрали юм. Ганц улсаас хамааралтай эрсдэлийг бууруулахын тулд өөр хувилбаруудыг судалж, бусад орноос коксжих нүүрс авах боломжийг эрэлхийлж буй. Энэ зорилтоор 2021 оны аравдугаар сард Оростой коксжих нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Одоо Монгол, мөн Мозамбик зэрэг бусад орноос коксжих нүүрс нийлүүлэх хувилбарыг судалж байна” хэмээн Нагендра Нат Синха ярьжээ.