Канадын улсын Торонто хотноо болсон олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын PDAC-2023 чуулганд Монгол Улс оролцсон үр дүнгийн уулзалтыг УУХҮЯ, МУУҮА хамтран (2023.04.03) зохион байгууллаа.
PDAC-2023 чуулганд Монгол Улсын уул уурхайн салбарын яам, агентлаг, төрийн бус байгууллага, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл манай улсын эрдэс баялгийн сурталчлах, хөрөнгө оруулалт татахад чиглэж ажилласан үр дүнг хэлэлцэх, ач холбогдлыг дүгнэх, дараа дараагийн олон улсын чуулга уулзалтад оролцоход анхаарах асуудлуудыг нэгтгэн өнөөдрийн уулзалтаар ярилцсан байна.
Хөрөнгө оруулагчдад салбарын бодит мэдээллийг хүргэсэн. Геологийн суурь судалгааны ажлыг олон улсын дэвшилтэт технологи, арга зүйгээр хийлгэх, улсдаа нутагшуулах ажлын эхлэлийг тавьсан. Хөрөнгө оруулагчдад тулгарч буй асуудлуудыг эрэмбэлж, хэрхэн шийдвэрлэж буйг мэдээлсэн. Монгол Улсыг сурталчилсан үзэсгэлэнгийн талбайг анх удаа ажиллуулж, салбартаа амжилттай хэрэгжиж буй салбарын төслүүдийг танилцуулсан.
Газрын ховор элемент, батарейн түүхий эдийн төслүүдээ хэрхэн амжилттай явуулах талаар туршлага судалсан. Чуулганы үеэрх зорилтот уулзалтуудын хүрээнд Монгол Улсын уул уурхайн салбарын талаарх бусад улсуудын төсөөлөл, хандлагыг судалж, салбарын цаашдын бодлогод анхаарах асуудлыг судалсан.
“Mongolian mining week-2023” арга хэмжээг амжилттай сурталчилсан зэрэг үр дүн гарсан гэж дүгнэжээ.
Эх сурвалж: УУХҮЯ