Хятадын төмрийн хүдрийн амбиц

Э.ОДЖАРГАЛ
od@mininginsight.mn
- China Mineral Resources Group төмрийн хүдрийн импортын цор ганц суваг болно -

Хятад Улс дотоодын гангийн хамгийн том 20 үйлдвэрийн төмрийн хүдрийн импортыг China Mineral Resources Groupийн мэдэлд нэгтгэж байна. Ингэснээр дэлхийн төмрийн хүдрийн хамгийн том худалдан авагч болох төлөвтэй. Энэ бол Хятадын төрийн өмчит эрдсийн шинэ групп юм. БНХАУ-ын дарга Си Жинпиний ивээл дор бүтээн байгуулж буй Шюнган хотноо сүндэрлэсэн анхны оффисуудын нэг нь China Mineral Resources Groupийнх юм.

Бээжингээс өмнө зүгт байгальд ээлтэй өндөр технологийг харуулах Xiongan New Area хотыг цоо шинээр босгож байна. Энэ нь Дундад улсын орчин үеийн хөгжлийн хурд, давуу талыг дэлхий дахинаа нотлохоор эрмэлзэж байгаа нүсэр бүтээн байгуулалт юм. Дотоодын инновацыг нэмэгдүүлж, өндөр хөгжилтэй орнуудын эгнээнд орж чадах эсэхээ шалгах сорилт хэмээн тус улс тодорхойлжээ. Энд Хятадын нүүр царай, шинэ цагийн хөгжлийг тодорхойлох шилдгүүдийг төвлөрүүлж буй гэхээр China Mineral Resources Group-ийг төр засгийн түвшинд ихээхэн анхаарч байгаа хэрэг юм.

2022 оны долоодугаар сард Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Ерөнхий сайдын орлогч Хан Жэн албан ёсоор China Mineral Resources Groupийг нээж анх удаа олон нийтэд танилцуулсан юм. Нийт 4.3 тэрбум ам.долларын хөрөнгийн сантай уг групп Хятадын ган үйлдвэрлэлийн түүхий эдийн дотоод гадаад худалдааг зохицуулах, хилийн чанад дахь төмрийн хүдрийн төслүүдийн төрийн хувь эзэмшилд хяналт тавих, чухал металлын нийлүүлэлтийг баталгаажуулах үндсэн чиг үүрэгтэй. Гэхдээ “нүүрснээс бусад...” гэж тэмдэглэсэн байна. Энэ нь Гвинейн Simandou төслөөс эхлээд гадаад дахь Хятадын хөрөнгө оруулалтыг удирдаж, улмаар тус улсын төмрийн хүдрийн импортын цор ганц суваг болно гэсэн үг юм.

Тэгвэл төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй Simandou төсөлд хувь эзэмшдэг Хятадын группүүд болох Chinalcoгийн дарга асан Яо Лин, мөн Baowu-ын дэд ерөнхийлөгч Гуо Бин нар China Mineral Resources Group-ийг удирдахаар томилогджээ. 2016 онд Хятадын Засгийн газраас гангийн Baosteel, Wuhan Steel компаниудыг нэгтгэснээр Baowu групп үүссэн билээ. Өнөөг хүртэл бусад үйлдвэрүүдээр бүтэц, хүчин чадлаа өргөтгөж ирсэн Baowu групп Хятадын гангийн хамгийн том групп төдийгүй “Arcelor Mittal” компанийн үйлдвэрлэлийг давж дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Гуо Бины мэдэгдсэнээр, China Mineral Resources Groupийг ирээдүйд дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц чадамжтай эрдсийн групп болгохоор зорьж байна.

Сүр их, амбиц томтой China Mineral Resources Group-ийг дэлхийн уул уурхайн салбар тийм ч шуугиантай хүлээн авсангүй. Төмрийн хүдрийн ханшид ч нөлөөлсөнгүй. Угтаа хамгийн том худалдан авагч улс импортын групп байгуулсан нь дэлхийн төмрийн хүдрийн зах зээл дээрх 2010 оноос хойших тохиогоогүй үйл явдал юм.

Энэ зах зээлийн гол тоглогчдын хувьд тэд үндсэн импортлогч Хятад Улстай хэдийнээс зөрчилдөөнтэй. Нэг талаас дэлхийн уул уурхайн гигант компаниуд, нөгөө талаас Хятадын гангийн үйлдвэрүүдийн хооронд эрх мэдлийн тэнцвэр алдагдаж байгааг Бээжин удаа дараа мэдэгдэж ирсэн. 12 жилийн өмнө Гүйцэтгэх захирал Мариус Клопперсийн удирдлага дор BHP Billiton тэргүүтэй үйлдвэрлэгч компаниуд дэлхийн төмрийн хүдрийн зах зээлийн 40 жилийн тогтолцоог өөрчилжээ. Тогтсон ханшаар жилийн туршид борлуулдаг байсан тэр үед Хятадын эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт чангараад байсан юм. Rio Tinto, BHP, Vale нар төмрийн хүдрийг спот ханш руу шилжүүлж чадсанаар жилийн дотор үнэ 60 ам.доллароос 150 ам.доллар болтлоо өсжээ. Үүнээс хойш төмрийн хүдрийн өндөр үнэ (2015 онд түүхий эдийн уналтыг эс тооцвол) нийлүүлэгч компаниудад гайхалтай ашиг хийх боломжийг олгосон юм.

Өнөөдөр дэлхийн төмрийн хүдрийн экспортын талаас илүү хувийг BHP, Vale, Fortescue Metals (FMG) болон Rio Tinto хянаж байна. Тиймээс “том дөрвөл”-тэй өрсөлдөх, ялангуяа үнэ тогтоох оролдлогоор China Mineral Resources Group-ийг байгуулсан гэх таамаг үндэслэлгүй ажээ.

Хятадын группын талаар том тоглогчид дипломат байр суурьтай байна. Эрэлт нийлүүлэлтэд тулгуурлан зах зээлийн зарчмаараа үнэ тогтох тул ханшид China Mineral Resources Group нөлөө үзүүлнэ гэдэгт BHP-ийн Санхүү хариуцсан захирал Дэвид Ламонт итгэлгүй байна. FMG-ийн Гүйцэтгэх захирал Пенни Бингхэм-Холл “Манай салбар шинэ хэрэглэгчтэй болсон” гэсэн товч хариултыг The Motley Fool сэтгүүлд өгчээ. Rio Tinto-гийн хувьд 1973 оноос төмрийн хүдэр Хятадын зах зээлд нийлүүлсэн хамтын ажиллагаагаа цаашдаа ч үргэлжлүүлж шинэ групптэй хамтрах сонирхолтойгоо Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм илэрхийлжээ. Vale нягт хамтран ажиллаж, харилцаагаа бэхжүүлэх боломжтой гэж харж байна. “Нийлүүлэгчдэд сонголт байхгүй. Тэд China Mineral Resources Group-тай хамтран ажиллах л болно. Ийм хэмжээгээр худалдаж авах импортлогч өөр байхгүй. Харин Хятад төмрийн хүдрийн худалдан авалтаа төвлөрүүлснээр үнийн хэт хэлбэлзлийг арилгах боловч үнэ бууруулахад төдийлөн тус болохгүй” хэмээн Liberum Capital-ын Түүхий эдийн стратеги хариуцсан дарга Том Прайс өгүүлжээ.

Өнгөрсөн онд Rio Tinto, Vale, BHP компаниуд China Mineral Resources Group-тай стратегийн хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн юм. Хятад Улсын төмрийн хүдрийн эрэлт 2020 оны оргил үеэсээ буурч, тэрхүү өндөр түвшиндээ хүрэхгүй гэсэн төлөвийг Macquarie групп гаргасан байна. Дэлхийн төмрийн хүдрийн 1/4-ийг Хятад импортолдог. Жилд ойролцоогоор 180 тэрбум ам.доллар зарцуулдаг. China Merchants Securitiesийн тайланд дурдсанаар, тус улс хэрэглээнийхээ 64 хувийг буюу жилд 1.1 тэрбум тонн төмрийн хүдрийн импортоор 500 орчим гангийн үйлдвэрээ хангаж байна. Тэдгээрийн ердөө 20 том нь дотоодын үйлдвэрлэлийн 43 хувийг бүрдүүлдэг юм. Хятадын гангийн үйлдвэрүүд тус бүртээ өөрийн түүхий эдийг татдаг бөгөөд спот индексээр үнэ тогтоож “яаралтай” нийлүүлэлтээр хангадаг байна. Энэ бүтцийг хадгалахын зэрэгцээ тодорхой том гэрээнүүдийг China Mineral Resources Group хариуцахаар болжээ. Импортлогч 20 үйлдвэрийг импортыг нэгтгэсэн ч цаашдаа бусад ган үйлдвэрлэгчид сайн дураар, эсвэл заавал байх нь тодорхойгүй байгааг Хятадын Caixin хэвлэлд мэдээлжээ. Хятадын төмрийн хүдрийн нийт импортын 60 хувийг Австралиас нийлүүлж байна.

Хоёр улсын худалдааны дайны улмаас Австралийн нүүрсний эсрэг Хятад импортын албан бус хориг тавьсан нь 2020 оны арваннэгдүгээр сараас өнөөг хүртэл үргэлжилж буй. Энэ оны эхээр Хятадын Хөгжил шинэтгэлийн хорооноос төрийн Datang, Huaneng, Energy Investment Corporation гэсэн эрчим хүчний үйлдвэрлэгч болон гангийн Baowu группт Австралиас эрчим хүчний, коксжих нүүрс импортлохыг зөвшөөрчээ. Яг ийм цаг үед төмрийн хүдрийн China Mineral Resources Group гарч ирж байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна.

2020 онд Хятадын Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, гангийн салбарын дээд удирдлагууд Австралийн төмрийн хүдрийн хараат байдлаас гарах стратеги боловсруулахдаа дотоодын үйлдвэрлэлийг 30 хувиар өсгөх, хилийн чанад дахь уурхайн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хаягдал гангийн дахин боловсруулалтыг бэхжүүлэх зорилт дэвшүүлжээ. Энэ үеэс Хятад төмрийн хүдрийн худалдааг төвлөрүүлэх төрийн зохицуулалттай China Mineral Resources Group байгуулах бэлтгэлийг эхэлсэн байна.

Майнинг Инсайт сэтгүүл, Нэгдүгээр сар 2023