Э.МИШЭЭЛ
misheel@mininginsight.mn
Дэлхий дахин өмнөх бүх цаг үеэс илүүгээр хүлэмжийн хийг онцгойлон үзэх болов. Иймд улс орнууд өөрийн онцлогт тааруулан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах томоохон амлалт өгч буй. 140 гаруй улс орон, тэр дундаа АНУ, БНХАУ, БНЭУ, Европын Холбоо гэсэн нийт ялгарлын 88 хувийг бүрдүүлэгчид цэвэр тэг зорилгод нэгдсэн. Эдгээр улс дээр нэмэгдэж 9 мянга гаруй компани нүүрсхүчлийг тэглэх амлалт өгсөн хэмээн НҮБ мэдэгджээ. Уул уурхайн дэлхийн тэргүүлэгч компаниуд ч дутаагүй. Тэд жил бүрийн санхүүгийн тайландаа хүлэмжийн хийн ялгарлыг тооцож, цэвэр тэг зорилгоо тодорхой илэрхийлэх болов. Мөн хүлэмжийн хийн тайлан нь компанийн нэрд хүнд, үнэлгээ, орлогын хооронд хамааралтай нь ажиглагдаж байна. Ер нь нүүрсхүчлийн хийг тэг рүү дөхүүлэх амлалт өгч, тайлагнах нь эргэлт буцалтгүй үйл явц болжээ. Ингээд гадаадын болон дотоодын томоохон уул уурхайн компаниудын хүлэмжийн хийн ялгарал, Монгол Улс хүлэмжийн хийд ямар бодлого баримталдаг талаар хүргэж байна.
Нүүрсхүчлийн хийг өргөн хүрээтэй тайлагнах нь компанийн нэр хүндтэй хамааралтай
Уул уурхай, металлын салбар 2021 оны байдлаар дэлхийн хүлэмжийн хийн 1.5- 2.6 тэрбум тонн буюу 4-7 орчим хувийг үүсгэдэг гэж GlobalData мэдээлжээ. Энэхүү ялгарлын 2.4 тэрбум тонн нь томоохон 10 компанид ногддог байна. Үүний талаас илүү нь зах зээлийн үнэлгээгээр эхний тавд жагсдаг Rio Tinto, Vale, BHP гэсэн гурван компанид хамаарна. Гэхдээ нүүрсхүчлийн хийн ялгарлыг тооцохдоо уурхайд явагдаж байгаа үйл ажиллагаанаас гадна хамтран ажилладаг компаниудын CO2e ялгарлыг авч үздэгийг сануулах нь зүй. Үүгээр бол Vale корпорац 486.7 сая тонн CO2 ялгаруулдгаас өөрийн эзэмшлийн уурхайн бүхий л шатны үйл ажиллагаа, техник, хэрэгсэл, цахилгаан, дулаан зэрэг “Хамрах хүрээ 1, 2” нь нийт ялгарлын 1.83 хувийг эзэлж байна. Үлдсэн 98.17 хувь буюу 477.8 сая тонн нь өөрт хамааралгүй боловч уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдан авдаг, боловсруулдаг компаниуд, мөн нэмүү өртгийн сүлжээнд хамтран ажилладаг компаниудын үүсгэж буй нүүрсхүчлийн ялгарал юм. “Хамрах хүрээ 3” нь илүү өргөн хүрээнийх. Тодруулбал компанийн бус нийтийн тээвэр, онгоц зэргээр ажилчдыг тээвэрлэхэд үүссэн ялгарлыг хүртэл тооцож болно.
Киотогийн протоколоор дэлхийн дулааралд нөлөө үзүүлдэг хүлэмжийн хий гэдэгт нүүрсхүчлийн хий, метан, азотын исэл, хүхрийн гексафторид, гидрофтор нүүрстөрөгч, перфтор нүүрстөрөгч зэргийг авч үздэг. Тус протоколын дагуу хий бүрийг жинлэж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг нүүрсхүчлийн хийтэй тэнцэх хэмжээ (carbon dioxide equivalent/CO2 e)-гээр тооцож гаргадаг. Уг протоколыг олон улсад ашиглаж байна. Зургаан хийнээс хүхрийн гексафторид, гидрофтор нүүрстөрөгч, перфтор нүүрстөрөгч нь хүний үйл ажиллагаанаас бий болсон. Үлдсэн нүүрсхүчлийн хий, метан, азотын исэл нь хатуу түлш буюу нүүрс, газрын тос, байгалийн хий гэсэн байдлаар байгальд оршдог. Харин хүн төрөлхтөн шатдаг түлшийг олборлож, өдөр тутмын ахуй амьдралдаа хэрэглэдэг. Энэхүү үйл ажиллагааг багасгахын тулд шатдаг түлшинд хязгаарлалт тогтоох болжээ. Мөн байгальд галт уул дэлбэрэх, ой мод шатах, амьтны сэг зэм, ялгадас, хөрс, намаг зэргээс нүүрсхүчлийн хий, метан, азотын исэл үүсдэг байна.
Уул уурхайн ТОП-3 компани 8.2 сая тонн нүүрсхүчлийн хийг бууруулжээ
Rio Tinto групп өнгөрсөн жил “Хамрах хүрээ 1, 2”-оос 30.3 сая тонн CO2 е ялгаруулжээ. Энэ нь 2018 оноос 3.4 сая тонноор буурчээ. Харьцуулж үзвэл 740 мянган ердийн суудлын автомашины нэг жилийн ялгаруулалттай тэнцэх үзүүлэлт юм. Өнгөрсөн онд ялгаруулсан 30.3 сая тонн СО2 е-ийн 2/3 нь хөнгөн цагааны үйлдвэрлэлтэй холбоотой бөгөөд зэсийн үйлдвэрлэл хамгийн бага буюу 1.5 сая тонн байна. Иймээс тус групп хүлэмжийн хийнд хамгийн их нөлөө үзүүлдэг хөнгөн цагаан, төмөр, титаны уурхайн эрчим хүчийг хангах нар, салхины дөрвөн төслийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Баруун Австралийн Пилбарагийн төмрийн хүдрийн бүлэг уурхайд эхний ээлжинд 234 МВт нарны эрчим хүчийг 2026 оноос нийлүүлэхээр төлөвлөжээ. Мөн Австралийн Квийнсланд, Мадагаскар, Өмнөд Африкт сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд анхаарч байна. Rio Tinto-ийн СО2 e-ийн 13 хувь буюу 3.9 сая тонн нь дизель түлшнээс гаралтай. Үүнийг бууруулахын тулд эхний ээлжинд АНУ-ын Калифорнид байрлах борын уурхайд сэргээгдэх дизель түлш ашиглаж байна. Энэхүү үйл явдал нь ил уурхайд хийгдсэн анхны сэргээгдэх дизель түлшний шилжилт болжээ. Ингэснээр жилд 45 мянган тонн хүртэлх дизель түлшний хэрэглээг бууруулна. Тус группийн стратегид нүүрсхүчлийн хийг 2025 онд 15 хувь, 2030 онд 50 хувь, 2050 онд цэвэр 0 болгохоор тусгажээ.
Vale корпорац “Хамрах хүрээ 1, 2”- ын ялгарлыг 2030 онд 2017 онтой харьцуулахад 33 хувиар хязгаарлана. Харин цахилгаан эрчим хүчнээс үүссэн ялгарлыг 2025 онд Бразилын хэмжээнд, 2030 онд дэлхийн даяар үйл ажиллагаа явуулж буй төслүүдэд 0 болгохоор төлөвлөжээ. Эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүч рүү 100 хувь шилжүүлнэ. Мөн “Хамрах хүрээ 1, 2”-ын ялгарлыг дөрвөн жилийн дотор 1.2 сая тонноор бууруулсан. Тус корпорац төмөр зам, ачааны машинд 1 сая тонн дизель түлш хэрэглэжээ. Үүнийг бууруулахын тулд төмөр замд устөрөгч, аммиак, ачааны машинд этанолыг шийдэл гэж үзэж байна. Vale корпорац 2050 онд өөрт хамааралтай үйл ажиллагааны CO2e ялгарлыг цэвэр 0 болгох зорилготой.
BHP Billiton-ы “Хамрах хүрээ 1, 2”-оос ялгарсан нүүрсхүчлийн хий өнгөрсөн онд 12.3 сая СО2 е болж гурван жилд 3.6 сая тонноор буурчээ. Тус групп эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим рүү шилжүүлж байна. Тухайлбал, Чилийн Эскондида, Спенс зэсийн уурхайн үйл ажиллагааг 2026 оноос 90-100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангана. Энэхүү гэрээг Чилийн Colbun, Италийн Enel компанитай 10-15 жилийн хугацаатай байгуулжээ. Мөн никель, төмрийн хүдрийн уурхайнуудыг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар долоон гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2026 онд уурхайнуудын цахилгаан эрчим хүчний 24-48 хувийг цэвэр эрчим хүчээр хангахаар төлөвлөжээ. Тус группийн хүлэмжийн хийн ялгаруулалтын 40 орчим хувийг дизель түлшний хэрэглээ эзэлдэг. Иймээс Пилбарагийн төмрийн хүдрийн уурхайд туршилтын байдлаар усанд боловсруулсан ургамлын тос (HVO)-ны түлшийг ачааны машинуудад ашиглаж байна. Энэ нь ачааны машиныг батарей рүү бүрэн шилжих хүртэлх дамжлага байх аж. BHP групп “Хамрах хүрээ 1, 2”- оос ялгарах хүлэмжийн хийг бууруулах хоёр зорилт дэвшүүлсэн. Эхний зорилт бол 2020 онтой харьцуулахад 2030 он гэхэд 30–аас доошгүй хувиар бууруулна. Харин дараагийн зорилт бол 2050 он гэхэд цэвэр 0 болгохоор төлөвлөжээ.
Монголын уул уурхайн компаниуд нүүрсхүчлийн хийг тооцдог
“Оюутолгой” ХХК хүлэмжийн хийн ялгарлыг тооцдог компаниудын нэг юм. Өнгөрсөн онд “Хамрах хүрээ 1, 2”-т 1.2 сая тонн СО2 ялгаруулжээ. Үүнээс “Хамрах хүрээ 2” буюу цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс үүдсэн ялгарал 0.9 сая гаруй тонн байсан. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний 68 хувийг нь баяжуулах үйлдвэрлэл эзэлжээ. Тус компани шаардлагатай цахилгаан эрчим хүчийг бараг 100 хувь БНХАУ-ын “Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа” корпорацтай хийсэн гэрээний дагуу хангадаг. Одоогийн байдлаар Оюутолгойн уурхай оргил үедээ 180 МВт хүрч байна. Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд оргил ачаалал 250 МВт болж нэмэгдэнэ. Харин “Хамрах хүрээ 1”-ийн 0.3 сая орчим тонн ялгарлын 79 хувь нь ил уурхайд ашиглагдаж буй дизель түлштэй холбоотой. Мөн уурхайн талбайд дулааны станцтай бөгөөд жилд ойролцоогоор 40 мянга гаруй тонн нүүрс хэрэглэдэг. Энэхүү хүлэмжийн хийн ялгарлыг шинэ технологи нэвтрүүлж бууруулахаар судалж байгаа. Цаашид “Оюутолгой” ХХК 2025 онд нүүрсхүчлийн хийн ялгарлыг 30 хувиар, 2030 онд 50 хувиар, улмаар 2050 онд ялгарал шингээлтийн зөрүүг 0 болгохоор зорьж байна. Тус компани хүлэмжийн хийг бодох аргачлалаа толгой компани болох Rio Tinto группээс авдаг.
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ өмнө нь СО2 ялгарлыг тооцож байсан. 2013 онд тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Дэлхийн банктай хамтарч гаргасан судалгаагаар үйл ажиллагааны явцад 1 сая гаруй тонн СО2 ялгаруулдаг гэж судалж байжээ. Түүнээс хойш дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 2021 онд 35 МВт-аар нэмэгдэж суурилагдсан хүчин чадал 71 МВт болсон юм. Өнгөрсөн жил Эрдэнэт ДЦС 0.77 сая тонн СО2 ялгаруулжээ. Цаашид нэг сая тонн зэс хайлуулах үйлдвэр байгуулахад эрчим хүчний хэрэглээ өсөхөөр байна.
“Энержи Ресурс” ХХК хүлэмжийн хийн ялгарлыг гурван түвшин болон үйлдвэрлэлд тооцдог. Тус компанийн 2019 оны тайланд “Хамрах хүрээ 3”-т хамаарах эх үүсвэрүүдээс ялгарах хүлэмжийн хийн хэмжээг шинээр тодорхойлсон. Харин 2022 онд “Энержи Ресурс” ХХК нь “Түвшин 1, 2”-т 634 мянга, “Түвшин 3”-т 12.59 сая, нийт 13.2 сая гаруй тонн хүлэмжийн хий ялгаруулжээ. Үүн дээр нэмэгдэж үйлдвэрлэлд 4.2 сая тонныг ялгаруулсан хэмээн өнгөрсөн оны тайландаа дурджээ. Компанийн хувьд 2022 онд хүлэмжийн хийн ялгарлын тооцооллыг илүү нарийн болгосон байна. “Энержи Ресурс” нь 2011 онд 18 МВт-ын цахилгаан станцыг ашиглалтад оруулж байсан юм.
Тайлбар: Хүлэмжийн хийг тооцохдоо ямар аргачлал ашиглах, хэдэн аргачлалтай байх нь компани бүрд ялгаатай төдийгүй нэршил өөр хэдий ч “Хамрах хүрээ 1, 2, 3” гэж ангилж байна.
Монгол, Бразилын уул уурхайн компаниуд мод тарина
Монгол Улсын хувьд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үүднээс олон улсад өгсөн амлалт бол “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн. Тус хөдөлгөөнийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. 2023 оны байдлаар 20 орчим уул уурхайн компани тус хөдөлгөөнд нэгджээ. Тэд өнгөрсөн онд 4.1 сая мод суулгасан бол энэ онд 9 сая гаруй мод суулгахаар төлөвлөсөн. Тэгвэл мод тарих нь хүлэмжийн хийг бууруулахад нөлөө үзүүлэх үү. Ялангуяа уул уурхайн компанид. Мод тарих нь шатах түлшнээс үүссэн цахилгаан эрчим хүчний нөлөөг бууруулах үр дүнтэй арга гэж Нью-Йоркт төвтэй Carbonfund.org судалгааны байгууллага үзэж байна. Тус байгууллага 1,000 кВт.ц цахилгаан зарцуулалт 10 жил ургасан 7.2 модтой тэнцдэг гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл уул уурхайн компаниуд мод тарьж ургуулснаар шатах түлшнээс гарсан хүлэмжийн хийг тэнцүүлж болохоор харагдаж байна.
Нүүрсхүчлийн хийг бага ялгаруулах хэд хэдэн арга байдагт судалгааны байгууллагууд санал нэгджээ. Үүнийг нэгтгээд үзвэл цахилгаан, дулааныг хэмнэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэх, хоол хүнс, ахуйн хог хаягдлыг бууруулах, нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй тээврийн хэрэгсэл ашиглах, аж үйлдвэрээс гарах утааг бууруулах технологи нэвтрүүлэх, мод тарих зэрэг болно. Үндсэндээ хүнээс хамаарах хүлэмжийн хийн ялгарлыг тэнцвэртэй байлгахын тулд нүүрсхүчлийн хий ялгаруулагчийн тоог нэмэхгүй байхын зэрэгцээ мод тарих нь хамгийн оновчтой, энгийн арга аж.
Дэлхийн гурав дахь том уул уурхайн компани Vale мод тарина гэдгээ өнгөрсөн онд зарласан. Тус корпорац өөр компаниудтай хамтран Бразилд хоёр сая мод тарихаар болсон юм. Үүнд зориулж эхний ээлжинд 5 сая ам.долларыг цуглуулах аж. Энэ нь тус улсын ойжуулалтын бодлого, 2030 онд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах Парисын Хэлэлцээрийн дагуу хийгдэж байна.
Улс орнууд өөрийн онцлогт тааруулан хүлэмжийн хийн ялгаралд хариу үйлдэл үзүүлж буй. Өндөр хөгжилтэй, технологитой улсууд нүүрсхүчлийн ялгаруулагчийн тоог нэмэхгүйн тулд цахилгаан автомашин үйлдвэрлэл рүү шилжиж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж, утаа ялгаруулдаггүй технологийг бий болгоход хөрөнгө оруулах болов. Харин Монгол Улс тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байна. Үүнээс гадна өнгөрсөн жилээс “Үндэсний дасан зохицлын төлөвлөгөө” боловсруулан хэрэгжүүлснээр 2050 онд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг ойртуулж “тэглэх” зорилт тавьжээ. Түүнчлэн 2021 онд Глазго хотод болсон COP26 уулзалтаар “Даян дэлхийн метаны амлалт”-д 100 гаруй улсын хамт нэгдэн орсон юм.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа 2050”-д Ногоон хөгжлийн бодлого, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрт тулгуурлаж хүлэмжийн хийн ялгарал 2030 онд 22.7 хувиар буурахаар байгааг онцолжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд М.Ганбаатар “Уул уурхайн салбарын байгаль орчны ололт амжилт, алсын хараа” сэдэвт хурал (2023.11.24)-ын үеэр хэлэхдээ “Алсын хараа 2050, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны чиглэл, Монгол Улсын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн, бохирдсон, доройтсон газрыг нөхөн сэргээх, хамгаалах ажлын үр дүнг дээшлүүлэх, хариуцлагатай үйл ажиллагааг хэвшүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх, хамгаалах замаар 2030 онд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг газар нутгийн 9 хувьд хүргэж, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлнэ. Нэн хүчтэй доройтолд өртсөн газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэхгүй хязгаарлах, улмаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, усны нөөцийг хомстохоос сэргийлэх, газрын доройтол, цөлжилтийг сааруулах, хамрах хүрээг тэлэхэд онцгой анхаарахыг тусгасан” гэсэн билээ.
Майнинг Инсайт сэтгүүл, №11 (024)