Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг (2023.04.28) эхлүүлэх гэж байна. Дорнод аймаг дахь газрын тосны XIX, XXI талбайгаас нийт 530 км үргэлжлэх хоолойг (өргөх, халаах насос)Дорноговь аймгийн Алтанширээ сум хүртэл татах юм.
Дамжуулах 530 км урттай хоолойн нийт өртөг 388 сая ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлнэ. Хоолойн бүтээн байгуулалтыг 2025 оны эхний улиралд багтаан дуусгахаар “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК төлөвлөсөн байна.
БНЭУ-ын Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл үе шаттайгаар хэрэгжиж буй. Нэгдүгээр шатны ажил дуусаж, одоо EPC 2, 3 шат эхлэх гэж байна.
“Монгол Улсад газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерийг олон улсад нээлттэй зарлаж, БНХАУ-ын Төрийн өмчит “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компани шалгарсан. Хамтран ажиллах ерөнхий гэрээг УУХҮЯ, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийг санхүүжүүлэгч “Эрдэнэс Тавантолгой” ХК, Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компани үзэглэсэн билээ.