Дэлхийн ураны хамгийн том үйлдвэрлэгч Казатомпром өөрийн охин компаниар дамжуулан ховор металлын орд ашиглахаар бэлтгэж байна. Казахстаны Актюбины муж дахь тус ордын төслийг “Ульбинскийн металлургийн үйлдвэр” хэрэгжүүлнэ.
Казатомпромын бүтцэд багтах Ульбинскийн металлургийн үйлдвэр” нь берилл, тантал болон ниобийн дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгчдийн нэг юм. Мөн АЦС-ын түлш үйлдвэрлэдэг. Ховор металлын ордыг ашигласнаар Казатомпром нь өөрийн түүхий эдийн нөөцийг хангаж үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүний өртгийг бууруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, шинэ ажлын байр бий болгоно гэж үзэж байна.
Дэлхийн ураны нийлүүлэлтийн 1/3-ийг бүрдүүлдэг Казатомпром энэ онд 10 600-11 200 тонн уран олборлохоор төлөвлөжээ. Тус компани өнгөрсөн онд 11 373 тонн уран олборлосон. Казахстан улсын нийт уран олборлолт 21 227 тонн хүрсэн нь 2021 онтой харьцуулахад 2.7 хувиар буурсан байна.