Индонез улс ашигт малтмалыг түүхийгээр экспортлохыг хориглохоор төлөвлөж байна. Гэхдээ зэс, төмрийн хүдэр, хар тугалга, цайрыг 2024 оны тавдугаар сар хүртэл экспортлох болсныг тус улсын Уул уурхайн сайд мэдэгджээ.
Өмнө нь зөвхөн зэсийн баяжмалын экспортыг энэ оны зургаадугаар сараас эхлэн хориглоно гэж тус улсын Эрчим хүч, Уул уурхайн сайд Арифин Тасрифын мэдэгдэж байсан. Тэгвэл Индонез нь дотооддоо боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилтоор бүх төрлийн ашигт малтмалыг түүхийгээр экспортлохыг хязгаарлах бодлого хэрэгжүүлж байна.
Эрчим хүч, Уул уурхайн сайд Арифин Тасриф “Түүхий эдийн экспортыг хугацаанаас өмнө, бүрэн хориглосноор улсын орлого алдагдаж, ажлын байр буурна. Тиймээс нэгдүгээр сарын байдлаар боловсруулах үйлдвэрүүдийн бүтээн байгуулалт 50 хувиас дээш гүйцэтгэлтэй компаниуд экспортоо үргэлжлүүлэх боломжтой” гэж үзэж байна.
Цар тахлын улмаас саатсан боловсруулах, хайлуулах үйлдвэрүүдийг тавдугаар сард ашиглалтад оруулах ажлыг яаравчлахын тулд түүхий эдийн экспортыг хориглож буй. Одоо тус улсад боловсруулах 4 үйлдвэр бэлэн болж байгаа учир зургаадугаар сараас бокситын экспортыг зогсоох аж.
2020 онд Индонез улс никелийн хүдэр экспортлохыг хориглосон нь дэлхийн зах зээлийг цочирдуулсан. Энэ бодлогоор металлын салбарт асар их хэмжээний хөрөнгө оруулалт татаж, Зүүн өмнөд Азийн хамгийн том эдийн засагтай орны экспортын үнэ цэнийг нэмэгдүүлсэн юм.