Өнгөрсөн 7 хоногт Японы PowerX Inc компани Японы Эхимэ мужийн Имабари хотод болсон олон улсын далайн үзэсгэлэнийн үеэр батарей танкерын нарийвчилсан загварыг танилцуулжээ. Тус гарааны компани 2025 он гэхэд хөлөг онгоцыг дуусгаж, эхний туршилтыг 2026 оноос хийхээр төлөвлөж байна.
X:Power Ark 100 нэртэй анхны цахилгаан хөдөлгүүрт танкер нь 140 метр урттай, 96 чингэлэг бүхий батарейгээр тоноглогдох бөгөөд 241 МВт цаг хүчин чадалтай байхаар тооцоолжээ. Технологийн хөгжлийг дагаж батарейны овор хэмжээ багасаж байгаа тул цаашид хүчин чадал нэмэгдэх боломжтой. Батарей систем 6 мянга гаруй цикл буюу 16.5 жилийн настай, литийн төмрийн фосфат (LFP) батарейг суурилуулна. Батарейг Японы Окаяма мужид үйлдвэрлэх бөгөөд 2024 оноос нийлүүлж эхлэх аж.
Батарей танкерыг боомтуудын ойролцоох цахилгаан станцад шууд холбон эрчим хүчээр хангах эсвэл хот, сууринд газар дээрх эрчим хүчний сүлжээг ашиглан хэрэглэгчдэд хүргэх зорилготой. Жишээлбэл, сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй Кюүшүү, Хоккайдо зэрэг бүс нутгаас хэрэглээ өндөртэй Хоншүү болон бусад арлуудад эрчим хүчийг далайгаар богино зайд дамжуулах боломжтой юм.
Далайн тээврээр эрчим хүч нийлүүлэх нь далай доогуурх кабелийн эвдрэл, түүнийг засах, дэд станцтай холбоотой өндөр зардал гэх мэт асуудлыг шийднэ гэж PowerX Inc компани үзэж байна.